Зүүн Хойд Азийн бүс нутагт эрчим хүч үйлдвэрлэхэд хамгийн үр ашигтай газраар Монголыг нэрлэв
"Монгол Улс нэг кВт цахилгаан эрчим хүчийг зургаан цент, түүнээс багаар үйлдвэрлэх боломжтой байна. Энэ нь бүс нутгийн зарим хэрэглэгчдийн одоогийн үнэтэй харьцуулахад гурав дахин хямд байна" гэж Ерөнхийлөгч Х.Баттулга “Зүүн Хойд Азийн бүс нутгийн нэгдсэн сүлжээний стратеги” төслийн олон улсын уулзалтад оролцох үеэр онцоллоо.
Уулзалтаар Монгол Улс, БНХАУ, ОХУ, Япон, БНСУ зэрэг Зүүн Хойд Азийн таван улсыг холбосон эрчим хүчний нэгдсэн сүлжээ бий болгох асуудлыг хэлэлцсэн байна. 2018 онд болсон Дорнын эдийн засгийн чуулганаар Азийн эрчим хүчний супер сүлжээ төслийг эрчимжүүлж, зохицуулах байгууллагыг Улаанбаатарт байгуулах саналыг Монголын талаас тавьж байсан юм.
Судалгаагаар Монгол Улсын нарны эрчим хүч экспортлох нөөц боломж 1200 гигаватт, салхины эрчим хүч экспортлох боломж 200 гигаватт гэж гарсан байна. Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нэг гигаватт гаруй байгаагаас харвал үүнийг асар их нөөц боломж гэж үзэж байгаа юм.
Монголын бизнесийн зөвлөлийн УЗ-ийн дарга Б.Бямбасайхан
АХБ-ны Техникийн туслалцааны төслийн баг ахлагч Филипп Лянхарт
"Зүүн Хойд Азийн бүс нутаг дэлхийн нүүрсхүчлийн хийн 40 хувийг дангаараа ялгаруулдаг нь сэтгэл түгшээсэн асуудал. Энэ нь бүс нутгийн эрчим хүчний салбараас үүдэлтэй гэж Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Ф.Ломмен онцоллоо. Мөн Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний чадавхыг хөгжүүлснээр бүс нутгийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг багасгах боломжтой болно" гэдгийг уулзалтын үеэр онцолж байв.
Ерөнхийлөгч Х.Баттулга Монголоос гаргах уул уурхайн бус, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа гэж Дорнын эдийн засгийн чуулганы үеэр мэдэгдэж байсан юм.
2018 оны экспортыг харвал төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нийт экспортын 85.1 хувийг дангаараа эзэлж байна. Экспортыг төрөлжүүлж, түүхий эдийн үнийн хамаарлаа бууруулах нь эдийн засгийн чухал бодлого гэдгийг олон улсын байгууллага, дотоодын шинжээчид зөвлөж байгаа юм.
Б.Бямбасүрэн| @byambasuren_b
Холбоо барих: byambasuren.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com