Зэсийн үнэ сүүлийн 9 жилийн хугацаанд анх удаа $9000 давлаа
Лондоны Металлын биржид зэсийн фьючерс үнэ даваа гарагийн өглөө тонн нь 9133.50 ам.доллар хүрсэн байна. Зэсийн үнэ ийнхүү сүүлийн есөн жилийн хугацаанд анх удаа 9000 ам.доллар давлаа.
Нийлүүлэлт буурч, зах зээлд хомсдол үүсэх эрсдэлтэй болоод байгаа нь үүнд голлон нөлөөлж байна. Улс орнууд цар тахлын хямралаас сэргэхтэй зэрэгцээд суурь металлуудын хэрэглээ өсөж, эрэлт нийлүүлэлтээ давна гэж тооцоолж байгаа юм байна. Түүнчлэн дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн хэрэглээг нэмэгдүүлэх, цэвэр эрчим хүчинд шилжих зорилт тавиад байна. Үүнд шаардлагатай гол түүхий эд болох зэс, никелийн үнэ огцом өсөж байгаа юм.
Зэсийн үнэ ийнхүү огцом өсөж байгаа нь түүхий эдийн үнийн дараагийн суперцикл эхлэх нь гэсэн эерэг хүлээлтийг нэмэгдүүлж байна. “Goldman Sachs”-ийн шинжээчид 2021 онд зэсийн зах зээлд их хэмжээний хомсдол үүснэ гэж тооцоолжээ.
Шанхайн фьючерсийн биржийн мэдээллийг нь нэгтгэн гаргадаг агуулахууд дахь зэсийн нөөц буурч, сүүлийн 10 гаруй жилийн доод түвшинд хүрсэн нь зах зээлд хомсдол үүсэх магадлалтай болсон гэдгийг харуулж байна.
Б.Батцэцэг
Холбоо барих: battsetseg.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com