ЗТХЯ: Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын цэгийг холбоход нэмэлт зардал гарахаар байна
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын барилгын ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай байгаа ч БНХАУ-ын талтай төмөр замын холболтын цэгийг тохироогүй байгаа талаар салбарын яам мэдээллээ. Монголын талаас хилийн 700 дугаар баганы зүүн талаар холбох боломжтой гэсэн саналыг хүргүүлсэн бөгөөд БНХАУ-ын тал судалж байгаа учраас одоогоор эцсийн хариу өгөөгүй байна. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат "Урд хөршийн төмөр замын одоогийн төгсгөлийн цэг хилийн 703 дугаар баганад тулаад зогссон. Холбох боломжтой цэгээс зөрж байгаа учраас нэмэлт зардал гарахаар байна. Үүнд 100-150 сая ам.долларын хөрөнгө шаардах урьдчилсан тооцоо бий" гэсэн юм. Үүнийг шийдвэрлэж Тавантолгой ордын баруун, зүүн Цанхийг холбосон ачилтын тойргийг байгуулаад эхэлбэл төмөр замыг хоёр жилийн дотор барих аж. Ингэснээр нүүрсний тээвэрлэлтийг жилд 30 сая тоннд хүргэх боломжтой. Одоогоор авто замаар тээвэрлэж байгаа учраас жилд дунджаар 12-13 сая тонн нүүрс л экспортолж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын барилгын газар шорооны ажлыг "Чингис" бондын эх үүсвэртэй Хөгжлийн банкны 200 сая ам.долларын санхүүжилтээр эхлүүлсэн бөгөөд энэ ажил санхүүжилтийн улмаас хоёр жилийн хугацаанд зогсоод байгаа юм.
М.Дэлгэрмаа
Холбоо барих: Delgermaa.m@bloombergtvmongolia.com
Tsatsralt.b@bloombergtvmongolia.com