Зогсолт долоо хоногоос илүү хугацаагаар үргэлжилбэл АНУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлнэ
АНУ-ын Засгийн газар хагас зогсолт хийснээс хойш 40 гаруй цаг өнгөрч байгаа энэ үед зогсолтын үр дагаврыг талууд янз бүрээр тайлбарлаж байна. Зогсолтын улмаас АНУ өдөрт 300 сая доллар алдана гэж эдийн засагчид тооцоолжээ. Энэхүү тооцоогоор өнөөдөр 600 сая доллар алдаад байна. АНУ-ын эдийн засагт эрсдэл авчирч байгаа бас нэг асуудал нь орон сууцны зээл болоод байна. Зогсолтын улмаас орон сууцны зээл хүсэгч хэдэн мянган иргэдийн өргөдлийн хариуг өгөх явц удааширч эхэллээ. Хэрэв энэ байдал долоо хоногоос илүү хугацаагаар үргэлжилбэл АНУ-ын нийт эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлнэ гэж шинжээчид үзэж байна. “Pimco” хөрөнгө оруулалтын сангийн захирал Билл Гросс “Зогсолт гурваас дээш хоног үргэлжилбэл эдийн засгийн өсөлт 0.3-0.4 хувиар буурах магадлалтай” гэж онцолжээ. Түүнчлэн АНУ-ын аюулгүй байдал алдагдахад хүрээд байгаа нь эрх баригчдын санааг зовоож эхлээд байна. Зогсолтын улмаас нийт тагнуулын албан хаагчдын 70 хувьд цалингүй чөлөө олгожээ. Энэ талаар АНУ-ын Үндэсний Тагнуулын албаны дарга Жеймс Клаппер хэлэхдээ “Би тагнуулын албанд 50 гаруй жил зүтгэж байна. Урьд өмнө ийм явдал хэзээ ч болж байгаагүй. Угаасаа төсвийн таналтаар үйл ажиллагаа нь доройтож эхэлж байхад ингэж Засгийн газрын ажиллагааг зогсоож байгаа нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал, иргэдийг гадны халдлагаас хамгаалах үүрэгтэй бидний ажилд их хүндрэл учруулж байна” гэж онцолж байна. Засгийн газраас санхүүжүүлдэг олон байгууллагуудын дотор Үндэсний цаг уурын агентлаг ч орж байна. Тус байгууллагын олон мянган ажилчдад мөн цалингүй чөлөө олгожээ. Одоогоор АНУ-ын Засгийн газрын зогсолт хэд хоног үргэлжлэх нь тодорхойгүй байна.
Б.Энхболд
Холбоо барих: enkhbold.z@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com