ЗГ: IV/10-наас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ
Засгийн газар 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хугацаанд иргэд гэрийн ойролцоох дэлгүүрээс хүнс, түлш, зөөврийн ус, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн сангаар үйлчлүүлэх, буяны ажилд оролцох, газар тариалан эрхлэх, шинжилгээ өгөх болон дархлаажуулалтад хамрагдах, хязгаарлалттай тоогоор агаар салхинд гарах нь нээлттэй байх юм байна.
Нийтийн тээвэр цагийн хязгаарлалттайгаар зөвшөөрөгдсөн салбарынханд үйлчлэх бөгөөд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. Иргэд амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих зэргээр халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг Засгийн газар уриаллаа.
Түүнчлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан иргэн бүрд 300 мянган төгрөгийг дэмжлэг болгож өнөөдрөөс дансанд нь шилжүүлж эхлэхээр шийдвэрлэсэн байна. Шаардагдах хөрөнгийг “Оюу Толгой” компанийн төлсөн татварын өр болох нэг их наяд гаруй төгрөгөөс гаргах юм байна.
Засгийн газар, Улсын онцгой комисс 2021 оны тавдугаар сарын нэгний дотор нийслэлийн насанд хүрсэн бүх хүнийг вакцины эхний тунд, 50-иас доошгүй хувийг хоёр дахь тунд хамруулна гэж мэдээллээ.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com