ЗГ: Ирэх оны VII/01 хүртэл айл өрх, зарим ААН-ийг цахилгаан, дулаан, хогны төлбөрөөс чөлөөлнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдлаа. Хуралдааны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийх үеэр "Оны эхний есөн сарын байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн 7.3 хувиар буурч, ард иргэд, аж ахуйн нэгжүүд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг туулж байна" гэдгийг дурдаад, Засгийн газар цар тахлын үед ард иргэд, аж ахуйн нэгж, бизнесүүдэд дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасныг танилцууллаа.
1. 2020 оны 12 дугаар сарын нэгнээс 2021 оны долоодугаар сарын нэгний өдөр хүртэл төсөвт байгууллага, Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, банк, банк бус санхүүгийн байгууллага, криптовалюттай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, бөөний болон жижиглэн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, интернэт, үүрэн холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, өнгөт металл, хар төмөрлөг, цементийн үйлдвэр явуулж байгаа аж ахуйн нэгж зэрэг есөн чиглэлийн байгууллагаас бусад аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур, усан хангамж, хогны төлбөрийг тэглэнэ.
2. Бүх айл өрхийн цахилгааны төлбөрийг ирэх оны долоодугаар сарын нэгний өдөр хүртэл тэглэнэ. Мөн 100 м.кв хүртэлх талбайтай орон сууцанд амьдардаг иргэдийн дулаан, ус, хогны төлбөрийг ирэх оны долоодугаар сарын нэгний өдөр хүртэл тэглэнэ. Хөнгөлөлтөд шаардлагатай 650 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бүрэн хариуцна.
3. Сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулна. Шаардлагатай 69 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцна.
Үүнээс гадна вакцинжуулалтын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбар өглөө. "Эн тэргүүнд эрүүл мэндийн салбарын ажилтнууд, архаг хууч өвчтэй хүмүүс, цагдаа, онцгой байдлын алба хаагчид, 55-аас дээш настай ахмад настнууд, эдийн засгийн суурь салбарт ажиллаж буй хүмүүсийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөж байгаа" гэж онцоллоо.
Б.Ариунболд
Холбоо барих: ariunbold.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com