Жагсагчид Виктор Януковичийг огцрохыг шаардсаар байна
Украйны жагсагчид Киев хотын Тусгаар тогтнолын талбайд байгуулсан бэхлэлтээ лхагва гарагийн орой дахин сэргээн байгууллаа. Лхагва гарагийн өглөө Украйны цагдаа нар тэдгээр бэхлэлт маягийн хаалтыг буулгаж, жагсагчдын майханг хурааж авсан юм. Энэ үеэр цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарсан байна. Мөн хамгийн их үймээн тарьж байна гэж үзсэн зарим жагсагчийг баривчилжээ. Украйны Ерөнхийлөгч Виктор Янукович жагсагчдын төлөөлөл болгож сөрөг хүчнийхэнтэй уулзаж хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм. Гэвч сөрөг хүчний удирдагчид мягмар гарагт мэдэгдэл хийж, хэлэлцээрээс өмнө В.Янукович тэдний шаардлагыг хүлээн зөвшөөрөх ёстой гэжээ. Жагсагчид Украйны Ерөнхийлөгч Виктор Януковичийг огцрохыг шаардсаар байгаа юм. В.Януковичийн хувьд Европын холбоотой худалдааны хэлэлцээрээ ирэх гуравдугаар сард үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа талаар мэдэгдээд байна. Ингэхдээ Европын холбооны зүгээс илүү боломжийн санал тавибал хэлэлцээр урагшилна гэжээ. Тус улсын Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцэгчид өнгөрсөн 11 дүгээр сараас хойш жагсаал зохион байгуулж байгаа юм. Жагсаал цуглаантэй зэрэгцээд Украйны дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны гуравдугаар улиралд 1.3 хувиар буураад байна.
Т.Элиса
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com