Европын Холбоо Гректэй хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ
Европын Холбоо Грекийн шинэ Засгийн газрын баримталж байгаа бодлогоос үл хамааран хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Хамтын ажиллагаа нь Европын Холбоо болон Грекийн тогтвортой байдалд нөлөөлөхгүй байх ёстой гэдгийг онцолсон байна. Европын Парламентын дарга Мартин Шульц “Грекийн сонгуулийн үр дүн Европд чухал нөлөөтэй. Ерөнхий Сайд Алексис Ципрас кампанит ажлынхаа үеэр зээлийн хөтөлбөрийн талаар Европын Холбоотой харилцан тохиролцоно гэж амлаж байсан. Бидний зүгээс ийм зүйл болно гэдгийг мэдэж байсан. Тиймээс хэлэлцээр хийхэд хэзээд бэлэн байх болно. Гэхдээ бид харилцан нэг нэгнээ хүндэтгэн, ямар ч тохиолдолд Грекийг мөн Европын Холбооны тогтвортой байдлыг хангах зарчмаа баримтлах шаардлагатай" хэмээн мэдэгдсэн байна. Грекийн Парламентын сонгуульд эдийн засгийн хатуу бодлогыг дэмжигч “Сириза" нам ялалт байгуулсан нь Евро бүсэд тодорхойгүй байдлыг бий болгосон юм. Түүнчлэн тус нам Парламентад олонх болохын тулд “Тусгаар тогтнолын нам"-тай эвсэл байгуулсан нь мөн л таамаглаагүй зүйл болжээ. Шинээр томилогдсон Ерөнхий сайд Алексис Ципрас Олон Улсын Валютийн Сан болон Европын Холбооны зүгээс шаардаж байгаа эдийн засгийн хатуу бодлогыг эсэргүүцэж, зээлийн нөхцөлийг зөөлрүүлэх тал дээр анхаарч ажиллахаа амаллөө. Энэ ч утгаараа Европын Холбооны удирдагчид Грекийн асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа юм.
Э.Эрдэнэтуяа
Холбоо барих: erdenetuya.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com