ЕАБХАБ-ын бүс нутаг болон олон улсын түвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэж байна
ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын хурал Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Хуралд 47 улсаас 300 гаруй төлөөлөгч, олон улсын 13 байгууллагаас 19 төлөөлөгч оролцож байгаа юм. Хоёр өдөр үргэлжлэх хурлыг нээж Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Илкка Канерва үг хэллээ. Тэрбээр Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын хэд хэдэн гишүүн орондоо төлөөлөгчийн газар байгуулж, дэмжлэг үзүүлэх боломж бүрдээд байгааг тэмдэглэн, цаашид энэ мэт төлөөлөгчийн газруудыг олон оронд байгуулах нь чухал ач холбогдолтой болохыг онцлов. Үүнээс гадна хамгийн гол нь байгууллагын үнэт зүйлст тулгараад байгаа хүндрэл бэрхшээлийг даван туулах асуудлыг хөндсөн юм. 1975 оны Хельсинкийн Төгсгөлийн баримт бичгийн үндсэн зарчимд тулгуурлан байгуулагдсан Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагад Монгол Улс гурван жилийн өмнө жинхэнэ гишүүнээр элсэн орсон юм. Дэлхийн 57 улсыг эгнээндээ нэгтгэдэг уг байгууллага нь аюулгүй байдлын асуудлаарх хамгийн том байгууллагад зүй ёсоор тооцогддог. Улаанбаатар хотноо болж буй хурлыг нээж УИХ-ын дарга З.Энхболд мөн үг хэллээ. Тэрбээр уг байгууллагад Монгол Улс элссэн нь олон тулгуурт гадаад бодлогоо бэхжүүлэх, түүний дотор аюулгүй байдлын асуудлаар гишүүн орнуудтай хамтран ажиллах бодит нөхцөлийг бүрдүүлснийг дурдаад, энэ хурал Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойтой давхцаж байгааг онцолсон юм. Үүнээс гадна нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр Европ тив хөгжил дэвшил, нээлттэй, энх тайванч байдлаараа бусдад үлгэр дууриал үзүүлж ирснийг онцлоод бүс нутгийн гол асуудал болоод байгаа Украйны зөрчлийг тэмцлийн аргаар шийдвэрлэх боломжгүй гэж харж байгаагаа илэрхийллээ. Энэ удаагийн уулзалтад ОХУ-ын төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Энэ ч утгаараа төлөөлөгчид Украйны асуудлаар ямар байр суурь илэрхийлэх нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. Учир нь Хельсинкт болсон уулзалтад оролцож чадаагүй ОХУ-ын Төрийн думын дарга Сергей Нарышкин Улаанбаатарт болж байгаа уулзалтад тусгайлан ач холбогдол өгч, оролцож үг хэллээ.
Б.Батманлай
Холбоо барих: batmanlai.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com