Дэлхийн хэмжээнд "COVID-19"-ийн халдварын нийт тохиолдлын 1/4 нь АНУ-д бүртгэгджээ
АНУ-д 2020 оны нэгдүгээр сараас хойш “COVID-19”-ийн халдвар авсан 24 сая, эндсэн 400 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байна.
АНУ энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа бол хүн амд ногдох халдварын тохиолдлын тоогоор дэлхийд 11 дүгээрт бичигдэж байна. Тус улс дэлхийн хэмжээнд халдварын нийт тохиолдлын дөрөвний нэг, нас баралтын тавны нэгийг бүрдүүлж байгаа юм.
АНУ-ын Засгийн газар хэд хэдэн удаа онц байдал зарласнаар хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээнүүд хэрэгжиж эхэлжээ. Цар тахал эхэлснээс хойш эхний хагас жилд тус улсын эдийн засаг өмнөх оноосоо 10 хувиар агшсан. 2020 оны эхээр үйл ажиллагаа нь саатсан бизнесүүдийн 60 хувь нь дахиж хэвийн горимд ажиллахгүй гэж “Yelp”-ийн судалгаа онцлоод байна.
АНУ-ын Сенат гуравдугаар сард хоёр их наяд ам.доллар, 12 дугаар сарын эцсээр 900 тэрбум ам.долларын төсөв баталсан юм. Түүнчлэн Жо Байден 1.9 их наяд ам.долларын төслийн төсөл танилцуулаад байна. Одоогоор АНУ-д 15 сая орчим хүн вакцинжуулалтад хамрагдаад байгаа аж. Энэ нь дэлхийн хэмжээнд нийт вакцинжуулалтын гурваны нэгийг бүрдүүлж байна.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com