Дэлхийн банк: Бүх нийтийн бэлэн байдлын үеийн хөл хорионы улмаас ажил эрхлэлт 40 хувиар буурсан
Бүх нийтийн бэлэн байдлын үеийн хатуу хөл хорио хүн амын хөдөлмөр эрхлэлтэд ихээхэн нөлөө үзүүлсэн гэж Дэлхийн банкны шинэ судалгаанд дүгнэжээ. Судалгааг 12 дугаар сарын 3-15-ны хооронд зохион байгуулж мэдээлэл цуглуулсан байна. Судалгаанд нийт 1147 өрх хамрагджээ.
Энэхүү судалгаанд хамрагдах хугацаанд цар тахлаас өмнө ажил эрхэлж байсан хүмүүсийн 40 хувь нь ажил эрхлэхээ зогсоосон байна. Салбараар нь авч үзвэл үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын ажил эрхлэлт хамгийн өндөр хувиар зогссон байжээ.
Харин хувиараа бизнес эрхэлдэг өрхүүдийн хувьд нөхцөл байдал бүр хүнд байгааг судалгааны гол үр дүн харуулсан байна. Тэдний 85 хувь нь хөл хорионы үед бизнесээ эрхлэх боломжгүй болсон бөгөөд 27 хувь нь огт орлогогүй байсан байна.
Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн судалгааг “SICA” судалгааны байгууллага мөн гаргажээ. Тэдний сарын дундаж орлого хөл хорионы өмнө 8.6 сая төгрөг байсан бол хөл хорионы үед 261.9 мянган төгрөг болж 97 хувиар буурсан дүн гарч байв.
Дотоодод “коронавирус”-ийн халдвар тархсан мэдээлэл 11 дүгээр сарын эхээр гарснаас хойш нийслэлд бараг хоёр сар хатуу хөл хорьсон юм. Одоо ч барааны худалдаа, зарим төрлийн үйлчилгээ зэрэг 14 салбар, чиглэлийг эргэн нээгээгүй байна.
Б.Бямбасүрэн |@byambasuren_b
Холбоо барих: byambasuren.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com