Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлвийг бууруулжээ
Монгол Улсын эдийн засгийн 2013 оны өсөлтийн төлвийг 13 хувь болгож бууруулсан тухай Дэлхийн банкнаас мэдэгдсэн байна. Ийнхүү Дэлхийн банкнаас өсөлтийн төлвөө бууруулах болсон шалтгааныг Монголын эдийн засгийн тодорхойгүй байдалтай холбон тайлбарлаж байгаа аж. Тухайлбал, экспортын өсөлт саарч, гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал огцом багассан төдийгүй Монгол Улсын ашигт малтмалын хамгийн том худалдан авагч болох Хятадын эдийн засгийн сэргэлт нэгдүгээр улиралд удааширсан нь өсөлтийн төлвийг бууруулахад хүргэсэн байна. Үүнээс гадна өнгөрсөн онд дотоодын нийт бүтээгдэхүүний 8.4 хувь буюу 13 жилийн хамгийн дээд түвшиндээ хүрсэн нэгдсэн төсвийн алдагдал энэ онд ч долоон хувьтай тэнцэх магадлал бий гэж Дэлхийн банкнаас үзжээ. Учир нь 2013 оны төсвийн орлогыг тооцохдоо өнгөрсөн оны хэт өндөр төлөвлөгөөн дээр үндэслэж орлогыг 15-20 дахин өндрөөр тооцсон байх магадлалтай гэнэ. Хэрэв Чингис бонд, Хөгжлийн банкны бонд болон дэд хөтөлбөрүүдийн санхүүжилтийг нэмбэл төсвийн нийт алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувьд хүрч магадгүй байгаа ажээ. Хэдийгээр Дэлхийн банкнаас 2013 оны Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлвийг бууруулаад байгаа ч энэ нь дэлхийн бусад орнуудаас хамгийн өндөр өсөлтөд тооцогдсон хэвээр байна.
З.Энхболор
Холбоо барих: enkhbolor.z@bloombergtvmongolia.com