ДХБ: Тарифын маргаан олон улсын худалдаанд чөдөр тушаа болно
Олон улсын худалдаа 2017 онд 4.7 хувиар буюу сүүлийн зургаан жилийн хамгийн дээд хурдаар өссөнийг Дэлхийн Худалдааны Байгууллага жил тутмын тайландаа онцоллоо. "Хэдий тийм боловч зарим улс орнуудын тарифын маргаан эрсдэл дагуулж магадгүй байгаа"-г Дэлхийн Худалдааны Байгууллагын тэргүүн Роберто Азеведо анхаарууллаа. "Цаашид маргаан илүү өргөн цар хүрээг хамарвал улс орнуудын хоорондын худалдаанд сөргөөр нөлөөлнө" гэж тэрбээр үзэж байгаа ажээ. Дэлхийн Худалдааны Байгууллагын Ерөнхий захирал Роберто Азеведо "Худалдааны түнш улсуудын хооронд хурцадмал байдал үүсээд байгааг бид хангалттай харж байна. Зарим арга хэмжээ нь аль хэдийн хэрэгжээд эхэлчихсэн бол зарим нь санал төдий байна. Яг энэ цаг үед нөхцөл байдал илүү хурцадна гэж таамаглаж байгаа ч бодит байдалд арай өөр байна. Гэхдээ АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан олон улсын худалдаанд аль хэдийн нөлөөлөх нөхцөл бүрдээд байна. Техник талаас нь харвал, талууд одоогоор яриа хэлэлцээ хийж байгаа. Харин улс төрийн үүднээс авч үзвэл, бид зөвхөн маргааны эхлэлийг харж байна. Тиймээс нөхцөл байдлыг хурцатгахаас татгалзахыг Дэлхийн Худалдааны Байгууллагын гишүүн орнуудад уриалсаар байгаа юм" гэсэн байна.
Үүнээс гадна Дональд Трамп Транс-Номхон далайн түншлэлийн хэлэлцээрт эргэн нэгдэх асуудлыг дахин нягталж байгаагаа мэдэгдлээ. Мөн "БНХАУ-тай үүсээд байгаа маргааныг шийдэхээр яриа хэлэлцээ эхлүүлээд явж байгаа"-г тэрбээр онцолжээ. Дональд Трампын хувьд худалдааны маргааныг АНУ-д нааштайгаар шийдэх сонирхолтой байгаагаа илэрхийлсээр байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Бид БНХАУ-тай сайн яриа хэлэлцээ хийж байгаа. Үр дүн нь хэрхэн гарахыг бид харж байна. АНУ БНХАУ-ын 50 тэрбум ам.долларын импортод татвар ногдуулахаа мэдэгдсэн. Харин дараа нь 100 тэрбум ам.долларын импортод нь нэмэлт татвар ногдуулахаа зарласан. Би өмнө нь ч хэлж байсан. Хэрвээ худалдааны алдагдал 500 тэрбум ам.доллартай тэнцэж байвал худалдааны дайнд ялагдал хүлээхийг хүсэхгүй шүү дээ. Харин одоо яриа хэлэлцээ хийж байна. Өмнөх засаг захиргаа, Ерөнхийлөгчдийн үед хэн ч үүнийг хийгээгүй. Тэд зөвхөн хэлэлцээ л хийж байсан. Өөрөөр хэлбэл тэд худалдааны алдагдлаа бууруулахад ямар ч арга хэмжээ аваагүй, харин ч нэмэгдэхийг нь хүлээн зөвшөөрсөн" гэж мэдэгдлээ.
Б.Ариунболд
Холбоо барих: ariunbold.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com