Дотоод эх үүсвэрээр 754 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
Сангийн яамнаас III улирлын эцсийн байдлаарх төсвийн гүйцэтгэлийг танилцуулсан. Энэ удаад төсвийн үндсэн үзүүлэлтүүд төлөвлөсөнтэй харьцуулахад дундаж гүйцэтгэлтэй гарсан байна. Тайлант хугацаанд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого бүрдэлт 86.2 хувийн гүйцэтгэлтэй байсан бол зарлага 76.7 хувиар санхүүжсэн гэж салбарын яам мэдээллээ. Ерөнхий дүр зургаар нь харвал улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын хэмжээ 49 хувьтай байжээ. Дотоод эх үүсвэрээр 754 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Учир нь есдүгээр сарын 15 гэхэд улсын хэмжээнд 85.6 тэрбум төгрөгийн 75 төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн тендер зарлагдаагүй, гэрээ байгуулаагүй, ажил эхлээгүй байсан нь хөрөнгө оруулалт буурах шалтгаан болсон аж. Нэгдсэн төсвийн орлого бүрдэлт дутуу биелсэн боловч өнгөрсөн оны мөн үеэс 9.5 хувиар илүү байгаа юм. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын 85 хувь нь татвараас бүрдсэн үзүүлэлттэй байна. Ерөнхийдөө гадаад худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгалтай холбоотойгоор зарим төрлийн орлого 54.1-165.4 тэрбум төгрөгөөр тасарсан. Харин нийгмийн даатгалын шимтгэл хураамж, өмчийн татвар харьцангуй сайн гүйцэтгэлтэй гарчээ. Түүнчлэн нэгдсэн төсвийн нийт тэнцэл 192.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч төлөвлөснөөс бага алдагдал хүлээсэн ч өмнөх оныхоос нэмэгдсэн байна. Төсвийн богино хугацааны алдагдлыг нөхөх зорилгоор Засгийн газар үнэт цаас арилжаалж байгаа. Хэдийгээр улсын нэгдсэн төсвийн орлого тасарсан боловч цаашид оны IV улиралд засгийн газар анхдагч захын арилжаагаар 690 тэрбумын бонд болон үнэт цаас гаргахаар төлөвлөж буй ажээ. Гадаад улс орнуудаас авсан зээлийн үндсэн төлбөрөөс хуваарийн дагуу 83.6 тэрбумыг, дотоод зээлийн үндсэн төлбөрт 99.5 тэрбум төгрөг өгчээ. Харин засгийн газрын богино болон урт хугацаат бондод нэг их наяд төгрөгийг эргэн төлсөн болохыг Сангийн яам мэдээллээ.
З.Энхболор
Холбоо барих: Enkhbolor.z@bloombergtvmongolia.com
Tsatsralt.b@bloombergtvmongolia.com