Дотоодод "COVID-19"-ийн батлагдсан тохиолдол 37-оор нэмэгдэж, 555 болов
Гадаад улсаас ирсэн хоёр иргэний болон дотоодын халдварын голомтын хавьталд тооцогдсон 35 хүний сорьцын хариу “Эерэг” гарсныг ХӨСҮТ мэдээллээ.
Аравдугаар сарын 31-нд Өмнөд Судан улсаас ирсэн энхийг сахиулагчийн гурав дахь давтан шинжилгээгээр халдвартай нь тогтоогдсон байна. Мөн энэ сарын 16-нд Алтанбулагийн боомтоор нэвтэрсэн нэг жолооч “COVID-19”-ийн халдвар авсан нь тогтоогджээ.
Дотоодод голомтолсон халдварын хувьд Нийслэлд 15, Сэлэнгэ аймагт 15 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Мөн Дархан-Уул аймагт тав, Дорноговь аймагт таван хүний шинжилгээний сорьцод “коронавирус” илэрчээ. Ингэснээр дотоодод үүссэн кластер халдваруудын нийт батлагдсан тохиолдол 120 хүрлээ.
Одоогоор цар тахлын халдварын голомт үүссэн таван аймаг болон Улаанбаатар хотод хариу арга хэмжээ, тандалт судалгаа шинжилгээний ажил үргэлжилж байна.
Баасан гарагийн 11.00 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт 51, Улаанбаатар хотод 33, Орхон аймагт 13, Дархан-Уул аймагт 16 тохиолдол бүртгэгдээд байна. Мөн Говьсүмбэр аймагт нэг, Дорноговь аймагт зургаан тохиолдол батлагдаад байгаа юм.
Эдгээр иргэдийн ихэнх нь халдварын голомтын хавьталд тооцогдсон хүмүүс байна. Иймээс дотоодод халдварын голомттой ойр байсан болон зорчсон газруудад нь байсан иргэдийг “коронавирус”-ийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай байгааг Эрүүл мэндийн яам анхаарууллаа.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com