Дотоодод батлагдсан тохиолдол 2-оор нэмэгдэж, 384 боллоо
Дотоодод “коронавирус”-ийн халдвар авсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 24 хүний шинжилгээний хариу эхнээсээ гарсныг Эрүүл мэндийн яам мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр "COVID-19"-ийн халдвартай нь тогтоогдсон жолоочийн хадам ээж, дүү хоёрынх нь PCR шинжилгээний хариу "Эерэг" буюу халдвартай гарчээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн "коронавирус"-ийн халдварын тохиолдол 384 болж байна.
Үүнээс өмнө Засгийн газар хуралдаж Монгол Улс, ОХУ-ын зарим хилийн боомтуудыг хаах шийдвэр гаргалаа. Мөн дотоодод халдвар тархсан үеийн бэлэн байдлын стратеги төлөвлөгөө байгааг Шадар сайд онцолсон юм.
Улсын онцгой комисс хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02.00 цагаас 11 дүгээр сарын 13-ны өдрийн 23.00 цаг хүртэл түр хугацаагаар зогсоолоо.
Мөн нийслэлийн бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 14-ний өдрийг хүртэл, үзвэр үйлчилгээний байгууллагууд болон олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалтын, спортын тэмцээн уралдаан, соёл урлаг, кинотеатр, цахим болон бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийг гаргаад байна.
Үүнээс гадна Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 11 дүгээр сарын 12, 13-нд төлөвлөөд байсан тусгай үүргийн нислэгүүдийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Эдгээр өдрүүдэд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгүүд товлогдоод байсан юм. Цаашид гадаадаас иргэдээ татан авах ажиллагааг тодорхой хэмжээгээр хязгаарлах чиглэлтэй байна.
Холбоо барих: minjma.g@bloombergtvmongolia.com