Дональд Трамп: Сонгууль будлиантай болсон учир Жо Байден ялалт байгуулсан
11 дүгээр сарын гурванд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар хэсэг чимээгүй байсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ талаар дахин ам нээж, "жиргэлээ".
“Сонгууль будлиантай болсон учраас л Жо Байден ялсан” гэж тэрээр жиргээгээ эхлүүлсэн байна. Зарим ажиглагчид түүний бичсэн “ялсан” гэдэг үгэнд дөрөөлөн Дональд Трамп өрсөлдөгч Жо Байдены ялалтыг хүлээн зөвшөөрч байгаа юм байна гэсэн таамаг дэвшүүлж эхэлжээ.
Тухайлбал: Бүгд Найрамдах намаас сонгогдон Арканзас мужийн захирагчаар ажиллаж байгаа Аса Хачинсон “Тэр ялсан” гэдэг үгийг хэрэглэсэн нь Дональд Трамп сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч байгаагийн эхлэл гээд дараагийн Ерөнхийлөгч Жо Байден болно гэж таамаглаж байгаагаа хэлсэн байна.
Харин Дональд Трампын кампанит ажлын зөвлөх Жэйсон Миллер “Дональд Трамп сонгуульд ялагдлаа гэж хүлээн зөвшөөрөөгүй. Харин хэвлэлийнхний ярьж бичээд байгаа өнцгөөс харж тийм байдлаар бичсэн” хэмээн тайлбарласан байна. Цагаан ордны тэргүүн өөрөө ч мөн сонгуультай холбоотой дээрх жиргээг нийтэлснээсээ хэдэн цагийн дараа дахин жиргэж, “Худал мэдээ, мэдээлэл тараадаг хэвлэлийнхний нүдээр л тэр ялсан. Миний хувьд ялагдсанаа хүлээн зөвшөөрсөн зүйл огт байхгүй” гэсэн байна.
"Сонгуулийн дүнг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн хууль шүүхийн замаар тэмцэнэ" гэж Дональд Трамп мэдэгдээд байгаа аж. Харин Жо Байдены багийнхан Дональд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөх үгүй нь тийм ч чухал ач холбогдолтой биш гэж тайлбарласан байна. "Associated Press"-ийн мэдээлснээр хоёр нэр дэвшигчийн авсан төлөөлөгчийн саналын тоо Дональд Трамп 232, харин Жо Байден ялалтын босго болох 270-аас 30 гаруйгаар илүү буюу 306 гэсэн харьцаатай байгаа юм. Жо Байдены хувьд Цагаан ордны тэргүүн болох бэлтгэлээ ханган шилжилтийн багаа бүрдүүлэн ажиллаж байна.
Харин Дональд Трампын засаг захиргаа түүний бүрэн эрхийн хугацааны үлдсэн саруудад БНХАУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч магадгүй байгааг зарим эх сурвалж мэдээллээ.
Хүний эрх зөрчсөн, мөн АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэсэн үндэслэлээр БНХАУ-ын компаниуд, засгийн газрын нэгж болон албаны хүмүүсийн эсрэг хориг тогтоож магадгүй байгааг "Axios" вэб сайтад бичсэн байна.
Дональд Трампын засаг захиргаа өнгөрсөн пүрэв гарагт БНХАУ-ын армийн эзэмшилд байдаг эсвэл хяналтад нь ажилладаг компаниудад АНУ-ын талаас хөрөнгө оруулахыг хориглосон зарлиг шийдвэр гаргажээ. Пентагон өнгөрсөн зургаан сард тусгай жагсаалт гарган БНХАУ-ын армитай холбоотой гэсэн тодотголыг 30 гаруй компанид зүүлгэсэн аж. Ойрын хугацаанд энэ тоо нэмэгдэж магадгүй байгаа юм байна.
М.Золбоо
Холбоо барих: zolboo.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com