Дилма Русеф: Дэлхийн эдийн засгийн өсөлтөд BRICS чухал нөлөөтэй
Дэлхийн тэргүүлэгч хөгжиж буй орнуудын нэгдэл болох BRICS-ийн олон улс дахь нөлөө нэмэгдэж байгаа талаар Бразилын ерөнхийлөгч Дилма Русеф онцолжээ. Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк улсаас бүрдэх тус бүлэг нь дэлхийн нийт эдийн засгийн 20 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг төдийгүй нийт хүн амын 40 хувийг багтаасан томоохон нэгдэл юм. BRICS-ийн гишүүн орнууд өнгөрсөн зургадугаар сард зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтаараа 50 тэрбум ам.долларын дүрмийн сантай хөгжлийн банк байгуулахаар болсон. Төв нь Шанхайд байрлах тус банкыг эхний ээлжинд Энэтхэг тэргүүлнэ. Хөгжлийн банк нь гишүүн орнуудынхаа олон улсын санхүүгийн томоохон байгууллагуудаас хамаарах хамаарлыг багасгах ач холбогдолтой талаар Дэлхийн банкны тэргүүн Ким Жим мэдэгдэж байсан. Мөн Бразилд болсон VI удаагийн дээд хэмжээний уулзалтаар BRICS 100 тэрбум ам.долларын валютын хамтарсан нөөц бий болгохоор тохиролцжээ. Ингэснээр гишүүн орнууд нь хямралын үед тус сангаас заагдсан хэмжээний нөөцийг ашиглах боломжтой болж байгаа юм. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн өсөлтөд BRICS-ийн нөлөө чухал байр суурь эзэлсээр байгааг Дилма Русеф онцолсон. Гэсэн хэдий ч энэ онд эдгээр таван улсын эдийн засгийн өсөлт 2007 оныхоос бараг хоёр дахин буурч 5.4 хувьд хүрнэ гэж шинжээчид үзэж байгаа юм. 2009 онд BRICS-ийн анхны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байсан ОХУ дараагийн уулзалтаа ирэх онд зохион байгуулна. Энэ уулзалтаар талууд хөрөнгө оруулалтын сан байгуулах асуудлыг шийдвэрлэх ажээ.
Д.Хаш-Эрдэнэ
Холбоо барих: Khasherdene.d@bloombergtvmongolia.com
Tsatsralt.b@bloombergtvmongolia.com