Далайд гарах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шийдвэрүүд гаргажээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд далайд гарах боломжийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа эргэлтийг түргэсгэх талаар хэд хэдэн арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Дунзяны гаалийн баталгаат боомт бүсэд Хятадын талтай хамтарсан тээвэр логистикийн төсөл хэрэгжүүлэхэд Монголын талыг төлөөлж “Монголын төмөр зам” ТӨХК давуу эрхээр оролцох ба тухайн төсөлд хөрөнгө оруулах хувийн хэвшлийг сонгон оролцуулах ажлыг Шадар сайд зохион байгуулахаар болсон байна. Мөн дээрх боомтын бүсэд 50 жилийн хугацаагаар 10 га газрыг Хятадын талтай хамтарч эзэмшиж, ашиглах эрх авахад шаардагдах Монголын талын санхүүжилтийг Өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрөөс гаргахаар шийджээ. Үүнээс гадна энэ удаагийн хуралдаанаар урд хөрштэй хил залгаа боомтууд болон Тяньжин боомтын тээвэрлэлтийн нэвтрүүлэх хүчин чадал, тээврийн тариф, дамжин өнгөрөх барааг тээвэрлэхэд далайд гарцгүй улсын тээврийн хэрэгслийг ашиглах боломж болон хэлбэрийн талаар БНХАУ-тай гэрээ, хэлцэл хийхийг ажлыг Зам, тээврийн сайдад даалгасан байна.
М.Түмэннаст
Холбоо барих: tumennast.m@bloombergtvmongolia.com