Даатгалын компаниуд 37.5 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлээд байна
2017 оны I улиралд даатгалын компаниуд 37.5 тэрбум төгрөгийн нийт хураамжийн орлого төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 37.7 хувиар өссөн байна. Даатгалын хураамжийн нийт орлогын 75.3 хувь нь даатгалын хэлбэрийн хураамжийн орлогоос бүрдэж байгаагийн 36.3 хувийг хөрөнгийн даатгал, 16.5 хувийг Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал тус тус эзэлж байгааг Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээллээ. Харин 2017 оны I улиралд 15 мянга 751 даатгуулагчдад 8.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон байна. Нөхөн төлбөрийг даатгалын хэлбэрээр нь авч үзвэл Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаар 4.4 тэрбум төгрөгийн, авто тээврийн хэрэгслийн даатгалаар 2.1 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон нь хамгийн өндөр дүнтэй нөхөн төлбөр болжээ. Хэдийгээр даатгалын хураамжийн орлого ийнхүү жил ирэх тусам нэмэгдэж байгаа ч даатгалын нэвтрэлт, нягтрал муу байгааг санхүүгийн зохицуулах хороо мэдэгдэж байна. Иймээс иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх ажил чухал байгааг холбогдох албаныхан онцолж байна. Үүнээс гадна хувийн Тэтгэврийн даатгалын тогтолцоог бүрдүүлэх ажлын хэсэг ажиллаж байгаа төдийгүй хуулийн төсөл боловсруулан танилцуулах шатандаа байгааг Санхүүгийн Зохицуулах Хорооны Даатгалын газрын дарга мэдээллээ.
Н.Алтан
Холбоо барих: altan.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com