Гепатит С вирусийн эмчилгээ шаардлагатай америкчуудын 2.4 хувийг “Sovaldi” эмээр эмчилжээ
АНУ-ын “Gilead Sciences” компани эмийн борлуулалтаасаа 27 тэрбум ам.долларын ашиг олоод байна. Харин цаашид орлогоо дахин нэмэгдүүлэх үүднээс өөр компаниудыг өөртөө нэгтэх сонирхолтой байгаа талаар тус группын ахлах эрдэмтэн “Financial Times”-т мэдээлжээ. Хүний дархлал хомсдолын вирусийн эсрэг эмийн үйлдвэрлэл эрхэлдэг байсан “Gilead Sciences” компани 2012 онд гепатит С вирусийг устгах эм хөгжүүлж байсан “Pharmasset”-ийг 11 тэрбум ам.доллараар худалдан авсан байна. Энэхүү худалдан авалтын дүнд “Gilead Sciences” компани ширхэг нь 1000 ам.доллараар үнэлэгдэх гепатит С вирусыг 90 хувь анагаадаг “Sovaldi” болон “Harvoni” эмийн үйлдвэрлэгч болсон юм. Өнгөрсөн онд АНУ-ын Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгодог гепатит С вирусын эсрэг эмийн жагсаалтад “Sovaldi” эмийг багтааж, зөвхөн “Sovaldi” эмийн хөнгөлөлтөд 1.3 тэрбум ам.доллар зарцуулжээ. Үүний үр дүнд гепатит С вирусийн эмчилгээ шаардлагатай байгаа 700 мянга гаруй америкчуудын 2.4 орчим хувийг “Sovaldi” эмээр эмчилсэн байна. Энэ оны эхний хагас жилд АНУ-ын Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгох эмийн хөтөлбөрт 4.6 тэрбум ам.доллар зарцуулснаас 95 хувийг нь “Gilead Sciences” компанийн эмэнд зарцуулжээ. Гепатит С вирусын эмчилгээг хүртээмжтэй болгоход “Gilead Sciences” компанийн эмийн үнэ гол асуудал болоод байна гэж үзэж байгаагаа АНУ-ын Сенатын Санхүүгийн хорооны гишүүд Виден, Грасли нар илэрхийллээ. “Gilead Sciences” компанийн мэдээлснээр “Sovaldi” болон “Harvoni “эмийг хэрэглэсэн АНУ, Европын 600 мянга орчим өвчтөн элэгний гепатит С вирусээс ангижраад байгаа юм байна. Олон улсын хэмжээнд 150 сая хүн гепатит С вирусээр өвчилсөн гэх тоо байдаг. Харин Монгол Улсын хувьд 150 мянга орчим хүн гепатит С вирустэй болох нь тогтоогдсон байдаг аж. Энэ онд “Gilead Sciences” компанийн төлөөлөгчид Монгол Улсад айлчлах үеэр гурван сарын курс эмчилгээний “Harvoni” эмээ хамгийн хямдаар буюу 1200 ам.доллараар нийлүүлэхээр болсон юм.
Э.Нарантунгалаг
Холбоо барих: narantungalag.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com