Газрын тухай хуульд өөрчлөлт орууллаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хууль санаачлагчийн мэдээлснээр нийгэм, эдийн засгийн хөгжилд үр дүнтэй нөлөө үзүүлэх олон улсын чанартай дэд бүтцийн бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шинээр суурьшлын бүс бий болгох шаардлагууд үүсээд байна. Тиймээс зарим газрыг тусгай хэрэгцээнд авах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар бүтээн байгуулалтын үйл ажиллагааг богино хугацаанд хэрэгжүүлэх, аж үйлдвэр, аялал жуучлал, худалдаа үйлчилгээ хөгжсөн хот, сууринг шинээр байгуулах нөхцөл боломж бүрдэнэ гэж тооцоолжээ. Монгол Улсын сайд С.Баярцогт хуулийн төслийг боловсруулахдаа хууль батлагдсан тохиолдолд хэрэгжүүлэхээр тооцсон төслүүдийн талаар танилцуулж байсан юм. Үүнд Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүдийн Азийн хурдны зам, Рашаант Мааньт чиглэлийн Богдхан төмөр зам, Богдхан уулыг тойрсон хурдны зам, Майдар эко хот байгуулах, Төв аймгийн Хөшигийн хөндийд Олон улсын нисэх онгоцны буудал барих, үүнийг түшиглэн дагуул хот болон холимог тээврийн ложистик төв байгуулах болон бусад төслүүд багтжээ. Харин санхүүжилтийн хувьд, төслүүдийг хөрөнгө оруулалтыг концессийн гэрээгээр, Дэлхийн банк зэрэг хөрөнгө оруулагчдын зээлээр санхүүжүүлнэ. Түүнчлэн зарим төслүүдийн хувьд аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдөө хөрөнгө босгоод хийж байгаа төслүүд багтсан байна.
Э.Анхбаяр
Холбоо барих: ankhbayar.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com