В.Путин үерт автаад байгаа Алс Дорнодод очиж, нөхцөл байдалтай танилцлаа
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үерт автаад байгаа Алс Дорнодод очиж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан байна. Тэрбээр Алс Дорнодын үерийн уршгийг арилгахаар ажиллаж буй аврах албаныхныг шуурхай ажиллахыг уриалжээ.Түүнчлэн тулгамдсан асуудлыг нэн даруй шийдвэрлэхийн тулд Засгийн газрын болоод бүс нутгийн комисс байгуулахыг санал болгосон байна. Амар мөрний эрэг дагуух нутаг тэр чигтээ үерт автаж, усны түвшин ихэнх газарт 7.5 метрийг даваад байгаа аж. Үерийн улмаас олон мянган айл өрх усанд автаж, 30 гаруй мянган хүн орон гэргүй болжээ.Түүнчлэн бүс нутгийн нийслэл гэгддэг Хабаровск, Благовещенск хотууд болон аж үйлдвэрийн том хот болох Комсомольск тэр чигтээ усанд автаад байна. Зам гүүр, харилцаа холбоо болон иргэдийн хувийн өмч хөрөнгийг хамгаалах, цаашид учрах гарз хохирлоос сэргийлэхээр ОХУ-ын олон хотоос ирсэн аврагчид, цэргүүд, сайн дурынхан уйгагүй ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар газар тариалан, хувийн эдэлбэр газруудын хохирол гамшгийн хэмжээнд хүрч, нийт ургацын 50 хувь нь сүйдсэн гэж тооцоолоод байгаа бөгөөд үүссэн хохирлыг нарийвчлан тогтоогоогүй байна. Мөн үерийн улмаас бохирдсон усан хангамж, бохирын шугамаас үүдэлтэй халдварт өвчин тархах эрсдэл өндөр байгааг албаныхан сэрэмжлүүлж байна. Тиймээс аль болох олон хүнийг, ялангуяа хүүхдүүдийг вакцинжуулахаар цэргийн болон иргэний эмнэлгийнхэн шуурхай ажиллаж байгаа аж.
П.Жаргал
Холбоо барих: jargal.p@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com