“Бэрэн Майнинг”-ийн өнгөрсөн оны алдагдал хагас тэрбумыг давжээ
“Бэрэн Майнинг” компани IPO хийхээсээ өмнөх нэг жилийн хугацаанд алдагдалтай ажилласан байна. Архангай аймгийн Төвшрүүлэх суманд баяжуулах үйлдвэртэй тус компанийн гол бүтээгдэхүүн нь 64-67 хувийн агууламжтай төмрийн баяжмал юм. Тэгвэл “Бэрэн Майнинг” нь 2013 оны жилийн дүнгээр нийт 424.8 сая төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласнаас 323.6 сая төгрөг нь бүтээгдэхүүний өртөг байжээ. Мөн үйл ажиллагаатай холбоотой борлуулалт удирдлагын зардал 604.7 сая төгрөгт хүрсэн нь тайлант хугацаанд алдагдал хүлээхэд гол нөлөө үзүүлсэн байна. Ингэснээр “Бэрэн Майнинг” компанийн 2013 оны алдагдал 503.5 сая төгрөг болж, хагас тэрбумыг давжээ. Энэ нь компани 2012 онд хувьцаат компани болж зохион байгуулалтаа өөрчилснөөс хойших анхны алдагдалд тооцогдож байна. Гэхдээ “Бэрэн Майнинг” компани үүний хажуугаар их хэмжээний хөрөнгө оруулалт татаж, хүчин чадлаа нэмэгдүүлэхээр зорьж байгаа юм. Одоогоор компанийн нойтон аргаар хүдэр боловсруулах үйлдвэр нь жилд 250 мянган тонн төмрийн баяжмал гаргах хүчин чадалтай байгаа. Харин нэмэлт хөрөнгө оруулалт татсанаар жилд нийт 500 мянган тонн баяжмал, 300 мянган тонн шууд ангижруулсан төмөр зах зээлд нийлүүлэх боломжтой болох аж. Тиймээс үүнд шаардлагатай 130.6 тэрбум төгрөг буюу 93.6 сая ам.долларын санхүүжилтээ хөрөнгийн зах зээлээс босгохоор төлөвлөжээ. Хэрэв энэ нь амжилттай болбол төмөрлөгийн боловсруулалтын салбарын анхны IPO болно гэдгээрээ онцлог болж байна.
М.Дэлгэрмаа
Холбоо барих: Delgermaa.m@bloombergtvmongolia.com
Tsatsralt.b@bloombergtvmongolia.com