БОАЖЯ: 2019 оны X сараас гэр хороололд зөвхөн сайжруулсан түлш түлнэ
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр баталсан хөтөлбөрүүдийн санхүүжилтийг тодорхой болгож, санхүүжүүлж эхлэх хэрэгтэй байна гэж ажлын хэсэг дүгнэжээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсгийн хуралдаан болж, зөвлөмжийн төслийг танилцууллаа. Төсөлд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний үе шаттай, тодорхой хугацаатай төлөвлөгөөний төслийг 2018 оны тавдугаар сард багтаан танилцуулж, УИХ-аар батлуулахыг тусгасан байна. Мөн цахилгаанаар гэр, байшингийн халаалтаа шийдсэн айл, өрхүүдийн мэдээллийг нэгтгэж, хөнгөлөлт урамшуулалд хамрагдсан эсэхийг мэдээлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгож, нэн даруй хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, үйл ажиллагааг санхүүжүүлж эхлэх хэрэгтэйг онцоллоо.
Гэр хорооллын 202 мянган өрх жилд 1.1 сая тонн түүхий нүүрс түлдэг. Энэ нь агаарын бохирдлын 80 гаруй хувийг бүрдүүлдэг. Үүнийг 600 мянган тонн шахмал түлшээр солих боломжтой гэдгийг НЗДТГ-ын судалгаанд тусгажээ. “Монгол шахмал түлш” нэгдэлд элссэн 11 аж ахуйн нэгж жилд 300 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлэх хүчин чадалтай гэдгийг тус нэгдлийн ТУЗ-ын дарга хэлж байсан юм.
Үүнээс гадна Дулааны II цахилгаан станцын дэргэдэх шахмал түлшний үйлдвэр 200 мянган тонныг үйлдвэрлэх боломжтой гэсэн тооцоо гараад байна. Сайжруулсан түлшний үнийг буулгах боломжтой гэдгийг үйлдвэрлэгчдийн төлөөлөл онцоллоо.
Б.Дашням
Холбоо барих: dashnyam.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com