БНХАУ PM2.5 тоосонцрын нягтаршлын хэмжээг 4 хувиар бууруулна
БНХАУ эдийн засгийн өсөлтдөө анхаарлаа хандуулж байх зуур Бээжин хот утаатай өвөлдөө бэлдэж байна. Есдүгээр сард БНХАУ-ын Засгийн газраас улсын хойд хэсэгт болон нийслэл хотыг тойрсон үйлдвэрлэлийн бүсэд агаарын чанарын гол үзүүлэлтийн шалгуур хэмжээг багасгасан боловч нийслэл Бээжин хот утаатай хэвээр байхаар байгаа аж.
Тухайлбал: амь насанд аюултай PM2.5 тоосонцрын нягтаршлын хэмжээг өнгөрсөн оныхоос дөрвөн хувиар бууруулах зорилт тавьсан аж. Хэдий тийм боловч энэ нь анхны 5.5 хувиар бууруулах төлөвлөлтөөсөө ухарсан явдал болж байна. Эдийн засагчдын хэлж байгаагаар БНХАУ-ын Засгийн газар хорт утааг арилгахаас илүүтэйгээр эдийн засгийн удаашралтай тэмцэх оролдлогоо эн тэргүүнд тавьсан гэж үзэж байна.
БНХАУ-ын Байгаль орчны яамны мэдэгдсэнээр 337 хотын агаарын чанарын дундаж үзүүлэлт өнгөрсөн жилийн есөн сартай харьцуулахад 14.7 хувиар буурч, 80.5 хувьтай гарсан бол PM2.5-ын нягтаршлын хэмжээ 18 хувиар өссөн байна. Харин Бээжин хотын хувьд есдүгээр сарын зөвхөн тэн хагаст л хэвийн агаартай байсан нь агаарын чанар 40 хувиар муудсан бол PM2.5-ийн нягтаршил нь 29 хувиар огцом өсжээ.
Үүнээс гадна Энэтхэгийн нийслэл Дели хотын агаарын бохирдлын хэмжээ дээд түвшиндээ хүрсэн нь Бээжин хотоос бараг зургаа дахин илүү байна. Тус улсын Засгийн газар агаарын бохирдлын улмаас дунд сургуулиудын хичээлийг түр хугацаанд зогсоох шийдвэр гаргаад байна. Агаарын чанарын индекс даваа гарагийн өглөө 06:30 цагт Дели хотын зарим хэсэгт 858 хүрснийг “Airvisual” вэбсайт мэдээллээ. Агаарын чанарын индекс 50-иас бага байхад аюулгүй байдаг бол 300-аас дээш хэмжээнд хүрвэл аюултайд тооцогддог.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com