БНХАУ-ын “Sinovac”-ийн вакцины туршилтын үр дүн хоорондоо адилгүй байна
БНХАУ-ын “Sinovac”-ийн вакцины дөрвөн улсад явуулсан туршилтын үр дүн хоорондоо хэт ялгаатай гараад байна. Энэхүү вакциныг ашиглаж байгаа Индонез улс 65 хувийн нөлөөтэй байгаа гэж мэдээлжээ.
Гэхдээ дотоодод явуулсан судалгаанд 1600 буюу харьцангуй цөөн хүнийг хамруулаад байгаа аж. Харин Туркт явуулсан туршилтаар 91.25 хувь, Бразилд хийсэн туршилтаар 78 хувийн нөлөөтэй гэж гарсан байна. Хэдий тийм боловч Бразилын туршилт эцэслэсний дараа буюу мягмар гарагт үүнийгээ бууруулж, 50 хувь болгожээ.
“Sinovac”-ийн “Coronavac” вакциныг хилийн чанадад Индонез улс анх удаа бүртгэж, зөвшөөрөл олгоод байгаа юм. Тус улсын Ерөнхийлөгч вакцины эхний тунгаа хийлгээд байна.
АНУ-д “Pfizer”-ийн вакцины эхний тунг хийлгэсэн эрүүл мэндийн ажилтан 16 хоногийн дараа нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна. Одоогоор эндсэн шалтгааныг судалж байгаа, вакцинтай холбоотой эсэх нь хараахан тогтоогдоогүй байгаа аж.
Харин “Moderna”-ийн хувьд вакцины дархлаажуулалт хамгийн багадаа нэг жил тогтоно гэж тус компани мэдээллээ. “Moderna” 2021 онд 600 саяас нэг тэрбум тун вакцин нийлүүлэхийг зорьж байгаа аж. АНУ-аас гадна Япон, Канад, Израил зэрэг улсад вакцин нийлүүлэх гэрээ байгуулаад байгаа юм.
Харин Энэтхэг улс энэ бямба гарагаас вакцинжуулалтаа эхлүүлэхээ мэдэгджээ. Эхний ээлжид 30 сая эмч, сувилагч болон бусад шаардлагатай ажилтан, албан хаагчдыг уг хөтөлбөрт хамруулах юм байна.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com