БНХАУ-ын нүүрсний импорт өсчээ
БНХАУ-ын нүүрсний импорт 26 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. Мөн нүүрсний ханшийн уналт болон тус улсын импортын татвар зэргийн улмаас Монголын нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурсаар байна. БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас 11 дүгээр сард нүүрсний импорт нь 26 хувиар буурч, 21 сая тонн болсон гэж мэдээллээ. Үүнээс 10 орчим хувийг нь Монгол Улс бүрдүүлсэн байна. Үнийн дүнгээрээ БНХАУ-ын нүүрсний импорт оны эхний 11 сард 1.5 тэрбум ам.доллар болж, 36 хувь агшчээ. Тус улсын импортын хэмжээ буурснаас гадна импортын нүүрсний ханш 13 хувиар буурсан нь үүнд нөлөөлжээ. Хэдийгээр Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ бага зэрэг өсөөд байгаа ч ханшийн уналттай холбоотойгоор орлого нь 25 орчим хувиар буурсан байна. Мөн аравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн БНХАУ-ын нүүрсний импортын татвар ч орлогод сөргөөр нөлөөлж байгаа аж. Нүүрсний салбартай холбоотой бусад мэдээллээс харахад Ганцмод боомт 11 дүгээр сарын сүүл гэхэд Монгол Улсаас нийт 10 гаруй сая тонн нүүрс импортолсон байна. Өөрөөр хэлбэл Гашуунсухайт боомтын гарц дөрөв дэх жилдээ 10 сая тонныг давлаа.1992 онд Гашуунсухайт-Ганцмодын боомт үйл ажиллагаагаа эхлүүлж байсан цагаас хойш нийт 4.7 тэрбум ам.долларын үнэ бүхий 59.8 сая тонн нүүрс импортолсон гэж БНХАУ-ын талаас мэдээлсэн байна. Тус боомтоор Таван Толгойн ордод олборлолт явуулдаг “Энержи Ресурс" болон “Эрдэнэс Таван Толгой" зэрэг компаниуд бүтээгдэхүүнээ экспортолдог ажээ.
Д.Хаш-эрдэнэ
Холбоо барих: hasherdene.d@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com