БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалаар уур уурхайн бус бүтээгдэхүүний экспортын нөхцөлийг сайжруулах тухай хэлэлцэнэ
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И есдүгээр сарын 15-16-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр боллоо.
Ван И цар тахал олон улсад дэгдсэнээс хойш гадаад улсаас ирж буй анхны Төрийн өндөр дээд хэмжээний зочин болж байна. Тиймээс халдвар, хамгааллын асуудлыг онцгой анхаарна гэж үзэж байна. Мөн “COVID-19”-оос урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон худалдаа, ялангуяа уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын нөхцөлийг сайжруулах нь айлчлалын гол зорилго гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар “Айлчлалын хүрээнд мах болон бусад уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын нөхцөлийг бүрдүүлэх, сайжруулах нөхцөлийн талаар яригдана. Мөн өмнө нь яригдаж байсан эдийн засгийн болон хамтын ажиллагааны бүх асуудлууд яригдана” гэж онцоллоо.
Оны эхний найман сард Монгол Улс 65 оронд бараа экспортолсноос БНХАУ-д 70.7 хувийг нийлүүлжээ. Харин импортын 36 хувийг БНХАУ-тай хийх худалдаа бүрдүүлж байна.
Хоёр улсын худалдаанд гарсан гол өөрчлөлтийг харвал энэ онд БНХАУ-аас импортолдог бүтээгдэхүүний дүн долоон хувиар буурсан бол экспорт 33 гаруй хувиар багасжээ.
Энэ нь хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор Монгол Улсын нүүрсний экспорт буурснаас шууд хамааралтай юм. Тиймээс бусад салбарын худалдааны харилцааг сайжруулах шаардлагатай байгаа ажээ.
Б.Дашням | @Dashnyam_tsahir
Холбоо барих: dashnyam.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com