БНХАУ санхүүгийн тогтолцоонд чухал ач холбогдолтой компаниудынхаа тоог нэмнэ
БНХАУ санхүүгийн тогтолцоонд чухал ач холбогдолтой компаниудынхаа тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа талаар эх сурвалж мэдээлээд байна. Энэ мэдээлэлд БНХАУ-ын эрх баригчид улсын томоохон банкууд, даатгалын компани, брокеруудаас дор хаяж 50-ийг нь сонгож, системийн чухал ач холбогдолтой санхүүгийн институт болгох аж. Өрийн хэмжээ нь түүхэн дээд түвшиндээ хүрээд байгаа БНХАУ-ын хувьд үүнийг хямралаас сэргийлэх алхам гэж шинжээчид тайлбарласан. БНХАУ-ын нийт өр 2017 оны эцсээр ДНБ-ийн 266 хувьтай тэнцсэн. Мөн энэ удаагийн шийдвэр нь 40 их наяд ам.доллараар хэмжигдэх санхүүгийн системд тавих хяналтыг сайжруулахад чухал нөлөөтэй гэж “Сapital Securities”-ийн шинжээчид үзэж байна. Гэхдээ нөгөө талаасаа, АНУ-тай худалдааны маргаантай байхад энэ шийдвэр нь зээл олголтыг бууруулж, дефолт зарлагчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй. Учир нь системийн хувьд чухал санхүүгийн институт болсноор тавигдах шаардлага чангарах төдийгүй хөрөнгийн заавал байлгах нөөцийн хэмжээ нэмэгдэх юм.
Н.Номин-Эрдэнэ
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com