БНАСАУ-ын эсрэг хоригийг чангатгаж магадгүй
Цөмийн туршилт явуулсан гэж мэдэгдээд байгаа БНАСАУ-ын эсрэг хоригийг чангатгах хэрэгтэй гэж АНУ-ын хууль тогтоогчид үзэж байна. Ардчилсан Намын гишүүн Нэнси Пелосигийн хэлснээр Конгрессын Төлөөлөгчдийн танхим тус улсын эсрэг шинээр авах хориг арга хэмжээний талаар санал хураалтыг ирэх долоо хоногт явуулж магадгүй байна. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри БНХАУ-ын талд хандан Ким Чен Уны дэглэмийн эсрэг илүү хатуу байр суурь баримтлахыг уриалжээ. Лхагва гарагт БНАСАУ устөрөгчийн бөмбөг амжилттай туршсан гэж мэдэгдсэний дараа олон улс хариу арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа юм. Үүнээс өмнө явуулсан цөмийн гурван удаагийн туршилтын хариуд олон улсын зүгээс хориг арга хэмжээгээ чангатгаж байжээ. Хэдий тийм боловч БНАСАУ-ын хувьд цөөн улстай эдийн засгийн харилцаатай байдгаас гадна эдийн засгийнх нь бүтцээс шалтгаалаад хориг арга хэмжээг үр дүнтэй болгоход хүндрэлтэй байдаг байна. Энэ ч утгаараа БНАСАУ-ын худалдааны хамгийн том түнш болох БНХАУ-ын банкуудыг оролцуулснаар Ким Чен Уны дэглэмд нөлөө үзүүлж чадна гэж шинжээчид үзэж байгаа юм.
Э.Анхбаяр
Холбоо барих: ankhbayar.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com