Байгалийн хийн ханш өсөх мөчлөгийн өмнөхөн Монголоор дамжих хоолойн гэрээ байгуулагдлаа
ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын байгалийн хийн хоолойн төслийн хамтын ажиллагааны гэрээг аж ахуйн нэгж хооронд байгуулаад байна. "Эв соёл хүн төрөлхтний хамтын цогц газрын тос, хий" компанийн хөрөнгө оруулалтаар "БНХАУ-ын төмөр замын 25 дугаар товчоо" ажлыг гүйцэтгэх ажээ. Хэдий тийм боловч одоогоор Монголын талтай хэрхэн хамтрах талаар Гадаад харилцааны яам болон бусад холбогдох байгууллагад албан ёсны хүсэлт ирүүлээгүй гэж эх сурвалж мэдээллээ.
Өмнө нь ОХУ, БНХАУ-ыг холбох дэд бүтцийг Монгол Улсаар дайруулах саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга тавьж байсан юм. Түүнчлэн энэ оны зургаадугаар сард Чиндаод болсон гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Монголоор байгалийн хийн шугам дамжуулахыг дэмжинэ" гэж мэдэгдэж байв.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
Одоохондоо хийн хоолойн хүчин чадал, чиглэл тодорхойгүй байгаа бөгөөд гэрээ байгуулсан БНХАУ-ын компаниуд судалгаа хийж байгаа гэсэн гэсэн мэдээлэл байгаа аж. Хоёр тал 2014 онд 400 тэрбум ам.доллараар хэмжигдэх байгалийн хийн гэрээ байгуулсан бөгөөд 2019-2021 онд ОХУ-аас БНХАУ-д байгалийн хийн хоолойгоор дамжуулан анхны бүтээгдэхүүн нийлүүлэх тооцоотой байна.
“Gazprom”-ийн тооцооллоор 2030 он гэхэд БНХАУ-ын байгалийн хийн хэрэглээ 500 тэрбум шоо метр хүрнэ. Үүнээс 2014 онд байгуулсан гэрээний дагуу 38 тэрбум куб метрийг нь ОХУ-аас нийлүүлэх нь баталгаатай ажээ.
Мөн стратегийн шалтгаанаар хэд хэдэн хоолой ашиглана гэсэн тооцоо байна. БНХАУ-ын агаарын бохирдолтой тэмцэх бодлогын хүрээнд байгалийн хийн хэрэглээ нь хамгийн хурдацтай өсөж байгаа оронд тооцогдож байгаа юм. Үүнтэй холбоотойгоор байгалийн хий импортлох хүчин чадлаа нэмж, бүтээн байгуулалтын хэд хэдэн төсөл эхлүүлээд байна.
Ийнхүү БНХАУ-ын эрэлт нэмэгдэхтэй зэрэгцээд Европын холбооны хүлэмжийн хий ялгаруулах гэрчилгээний үнэ өссөн. Энэ нь шаталтын үед нүүрстөрөгчийн хий бага ялгаруулдаг байгалийн хийн ханш өсөхийн дохио гэж "Bloomberg Intelligence"-ийн шинжээчид дүгнэж байгаа. Мөн "CNOOC", "Gazprom" компанийн судалгаагаар дунд хугацаанд байгалийн хийн ханш өсөх төлөвтэй байна.
Б.Дашням
Холбоо барих: dashnyam.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com