Ашгаараа дэлхийд тэргүүлэгч компанийн санхүүгийн үзүүлэлттэй танилц
Өдөрт 10 сая баррель газрын тос үйлдвэрлэж, борлуулдаг “Saudi Aramco” компани 2017 эхний хагаст 33.8 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ. Энэ нь АНУ-ын “Apple”, “JPMorgan”, “Exxon” компаниудын ашгаас хол давсан үзүүлэлт болсон байна. Тус компани ямар ч өр зээлгүй аж.
Мөн газрын тосны ханш өссөнтэй холбоотойгоор татварын хэмжээ нь огцом нэмэгджээ. 2019 онд анхдагч зах зээлд хувьцаагаа санал болгохоор төлөвлөж байгаа “Saudi Aramco” компани Саудын Арабын нийт орлогын ихэнх хувийг дангаар бүрдүүлдэг байна. Хөрөнгө оруулагчид Саудын Арабын санхүүжих зэрэглэлийг “Saudi Aramco”-ийн санхүүгийн үзүүлэлтүүдээс үнэлэх боломжтой гэж үзэж байгаа ажээ.
2016 оны эхний хагаст газрын тосны дундаж ханш баррель тутам 41 ам.долларт хүрэхэд компани 7.2 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж байсан байна. Газрын тосны ханш 70 ам.доллар давж өсөөд байгаа энэ үед “Saudi Aramco”-ийн 2018 оны цэвэр ашиг 2017 оныхоос ч огцом нэмэгдэх төлөвтэй байгааг шинжээчид онцолж байна.
Саудын Арабын хунтайж ашиг орлогоороо дэлхийд тэргүүлэгч “Saudi Aramco”-ийн IPO гаргасны дараа зах зээлийн үнэлгээ нь хоёр их наяд ам.доллараар үнэлэгдэх урьдчилсан төлөвлөгөө гараад байгаа юм.
Н.Содонтуяа
Холбоо барих: sodontuya.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com