Атомын цахилгаан станц барих боломжийг судална
Монгол Улс төдийгүй дэлхийн эрчим хүчний хөгжил сэргээгдэх эрчим хүч рүү илүүтэй чиглэх болсныг салбарынхан нь хүлээн зөвшөөрч байна. 2020 онд Монгол Улс эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 20-25 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангах зорилтын хүрээнд ойрын хугацаанд 8-100 мвт-ын хүчин чадал бүхий нарны эрчим хүчний найман үүсгүүр байгуулахаар болсон байна. Мөн Эгийн голын болон Шүрэнгийн “Усан цахилгаан станцын” хоёр төсөл, “Салхин паркийн” дөрвөн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа талаар Эрчим хүчний яамнаас мэдээлжээ.
Эдгээрээс 50 мвт-ын Салхит уулын “Салхин парк”-ийг энэ онд ашиглалтанд оруулах аж. Харин Шүрэнгийн “Усан цахилгаан станцын” төсөл дээр Эрчим хүчний яам Дэлхийн банктай хамтран ажиллаж эхэлжээ. Түүнчлэн газрын гүний дулааныг ашиглаж 10-15 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихаас гадна атомын цахилгаан станц байгуулах боломжийг судлахыг “Эрчим хүчний салбарыг дунд хугацаанд хөгжүүлэх төлөвлөгөөнд” тусгаснаа салбарын яамнаас онцолсон байна.
Одоогийн байдлаар эрчим хүчний нийт хэрэглээний 4.5 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангаж байгаа бөгөөд 30-2000 квт/цагийн хүчин чадалтай 30 гаруй цахилгаан станц сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэж хөдөө орон нутагт, ялангуяа баруун бүсэд түлхүү ашиглаж байна. Одоогийн байдлаар Монгол улсад ашиглаж байгаа сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдээс Дөргөн, Тайширын усан цахилгаан станц хүчин чадлаараа хамгийн томд тооцогдож байгаа ажээ.