"Ард Даатгал" ХК-ийн хувьцааны ханш IPO-ийн үнэ рүү бууж, 348.6 саяын арилжаа хийгдлээ
Пүрэв гарагт МХБ-ийн хоёрдогч захын арилжаагаар биржийн III ангилалд бүртгэлтэй 24 компанийн хувьцаанд 388.7 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Үүний 89.7 хувийг биржийн I ангилалд бүртгэлтэй "Ард Даатгал" ХК-ийн (AIC:MO) хувьцааны арилжаа бүрдүүллээ. Тус компанийн 498 мянган ширхэг хувьцааг 348.6 сая төгрөгөөр арилжсан байна. Компани 2018 онд IPO гаргаж байснаас хойш нэг өдрийн дотор ийм их хувьцааг арилжиж байгаагүй. Хоёрдогч захын арилжааны эхний өдөр 163.9 мянган ширхэг хувьцаа арилжиж байсантай харьцуулахад энэ нь 2 дахин олон байгаа юм. "Ард Даатгал" ХК-ийн нэгж хувьцааны ханш 0.71 хувь буурч, 700 төгрөг болсон нь IPO-ийн үнэтэй дүйж байна. Компанийн 66.78 хувийг "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК (AARD:MO) эзэмшдэг.
МХБ-ийн II ангиллын "Техник импорт" ХК-ийн (TEX:MO) хувьцааны ханш пүрэв гарагт 12.44 хувь суларсан нь тус компанийг хувьцаа нь хамгийн гүн унасан компаниар нэрлэгдэхэд хүргэж байна. Өнөөдөр компанийн 15 хувьцааг 110,050 төгрөгөөр арилжжээ. Харин биржийн III ангиллын "Эрдэнэ авто зам" ХК-ийн (EAZ:MO) хувьцааны ханш 12.5 хувь өссөн нь өсөлтийн хувь хэмжээгээр тэргүүллээ. Гэхдээ өнөөдөр ердөө 5,040 төгрөгийн л арилжаа хийгдлээ. Ингэснээр МХБ-ийн голлох индекс "ТОП-20" тогтвортой байлаа. Өнөөдрийн арилжаагаар 0.04 хувь суларч 16283.83 нэгжид арилжааг дуусгасан бол MSE A болон MSE B индексүүд харгалзан 0.06, 0.45 хувиар өссөн байна.
Г.Ану | @AnuHarchu
anu.g@bloombergtvmongolia.com