АНУ “COVAX” хөтөлбөрт $4 тэрбумын санхүүжилт олгохоо зарлав
Бага орлоготой орнуудад вакцинжуулалтыг дэмжиж санхүүжүүлэх зорилго бүхий “COVAX” хөтөлбөрт ахиц гарч байна. АНУ энэхүү хөтөлбөрт дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор төлөвлөснөө зарлалаа. Харин “Novavax” компани туршилтын вакцинаасаа “COVAX”-т 1.1 тэрбум тунг нийлүүлэхээр болжээ.
Франц улс хүлээн авсан баталгаат вакциныхаа таван хувийг хандивлахаа мэдэгдлээ. Их Британи мөн удахгүй болох “Их 7”-ийн уулзалтаар мэдэгдэл хийх нь хүлээгдэж байна. Тус улс одоогоор 766 сая ам.доллар хандивлаад байгаа аж.
Эрүүл мэндийн “Lancet” сэтгүүлд мэдээлснээр “Pfizer”, “BioNTech”-ийн вакцины эхний тунг хийлгэсэн эрүүл мэндийн салбарын ажилтнуудын дунд шинж тэмдэгтэй халдварын тохиолдол 15-28 хоногт 85 хувиар буурсан байна.
Харин Бразилд халдварын тохиолдол 24 цагт 51 мянгаар нэмэгдэж, 10 сая хүрчээ. АНУ, БНЭУ-д халдвар авсан хүмүүсийн тоо дэлхийн хэмжээнд нийт халдварын тохиолдлын 45 орчим хувийг бүрдүүлж байна. Вакцины нийлүүлэлт бага байгаа энэ үед мутацид орсон халдварын тархалт нэмэгдэж халдварын тохиолдол сүүлийн хэдэн долоо хоногт эрчимжжээ.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com