АНУ-ын төсвийн зарцуулалт орлогоосоо 135.2 тэрбум ам.доллараар хэтэрчээ
АНУ-ын төсөвтэй холбоотой мэдээллүүд гарлаа. Өнгөрсөн сард тус улсын төсвийн алдагдал шинжээчдийн тооцоолж байснаас ихээр буурсан байна. Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн тоо өсч, хөрөнгийн зах зээлд өсөлт гарч байгаа зэрэг нь төсвийн орлогыг нэмэгдүүлжээ. АНУ-ын Сангийн яамнаас мэдээлснээр 11 дүгээр сард төсвийн зарцуулалт орлогоосоо 135.2 тэрбум ам.доллараар хэтэрсэн байна. Харин өнгөрсөн оны мөн үед төсвийн алдагдал үүнээс 27 хувиар өндөр буюу 172.1 тэрбум ам.доллар байжээ. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тус улсын төсвийн алдагдлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 50 гаруй хувиар буурч 680.3 тэрбум ам.доллар болсон бол өнгөрсөн 2009 онд 1.42 их наяд ам.доллар байсан юм. Конгрессийг төсөв, санхүүгийн мэдээллээр хангадаг Засгийн газрын агентлагийн мэдээлснээр энэ жил болон ирэх жил АНУ-ын төсвийн алдагдал буурах төлөвтэй байна. Лхагва гарагт Төлөөлөгчдийн Танхимын спикер Жон Бейнер хоёр намын хууль тогтоогчдын төсвийн тохиролцоог дэмжиж байгаагаа илэрхийллээ. Ардчилсан намын Патт Мюррэй, БНН-ын Паул Рэйн тэргүүтэй Конгрессийн гишүүд 2014 онд төсвийн алдагдлыг 20-23 тэрбум ам.доллараар бууруулах төсвийн төлөвлөгөөг танилцуулсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама төсвийн таналт эдийн засагт чөдөр болж байгаа ч хоёр намын төлөөлөл төсвийн асуудлаар тохиролцоонд хүрсэн нь нааштай алхам боллоо гэж мэдэгдсэн байна.
Э.Анхбаяр
Холбоо барих: ankhbayar.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com