АНУ-ын томоохон банкуудын ашиг өссөн байх төлөвтэй байна
АНУ-ын хамгийн томд тооцогддог зургаан банкны ашиг өнгөрсөн 2013 онд 2006 оноос хойших дээд хэмжээнд хүрч өссөн байх төлөвтэй байна. 2013 онд АНУ-ын томоохон банкууд хуулийн үйлчилгээний зардалд 18 орчим тэрбум ам.доллар зарцуулсан хэдий ч, хувьцааны ханш өссөн, чанаргүй зээлийн хэмжээ буурсан, өртгөө танасан зэрэг нь ашиг өндөр гарахад нөлөөлсөн гэж шинжээчид таамаглажээ. Эдийн засагчдын үзэж байгаагаар АНУ-ын хамгийн том зургаан банкны нийт ашиг 21 хувиар өсч, 74.1 тэрбум ам.долларт хүрсэн байж магадгүй байгаа аж. Үүнээс өмнө 2006 онд л орон сууцны салбарын огцом өсөлтийн үед банкууд 84.6 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж байжээ. Банкууд хуулийн үйлчилгээнд ямар нэгэн зардал гаргаагүй бол ашиг нь түүхэн дээд хэмжээнд хүрэх боломжтой байсныг шинжээчид онцолж байна. Нэгдүгээр сарын 14-нөөс эхлэн санхүүгийн тайлангуудаа танилцуулах эдгээр банкууд нь харилцагчдадаа ипотекоор баталгаажсан үнэт цаасны талаар худал мэдээлэл өгсөн, зах зээлийг зохицуулах хүүг хиймлээр тогтоосон зэрэг хэргээр шалгагдаж байгаа юм. Шалгагдаж байгаа банкуудаас “JP Morgan Chase” хууль шүүхийн зардалд хамгийн их хэмжээний хөрөнгө зарцуулжээ. Тус банк 2013 оны эхний есөн сарын хугацаанд хууль, шүүхийн зардалд нийт 11.1 тэрбум ам.доллар зарцуулсан бол “Bank of America” 4.8 тэрбум, “Citigroup” 1.8 тэрбум ам.долларын зардал тус тус гаргасан байна. Энэ жил нэр бүхий зургаан банк нийлбэр дүнгээрээ хуулийн зардалд 18.7 тэрбум ам.долларыг зарцуулсан нь нэг жилийн өмнөхөөс 76 хувиар өссөн дүн болжээ.
Б.Дуламхорлоо
Холбоо барих: dulamkhorloo.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com