АНУ-ын зэвсэгт хүчнээс БНСУ-д бөмбөгдөгч онгоцоор тусална
АНУ-ын зэвсэгт хүчнээс БНСУ-ын холбоотнуудад дэмжлэг үзүүлэхээр алсын зайн “В-52” бөмбөгдөгч онгоц илгээлээ. Өнгөрсөн долоо хоногт БНАСАУ-ын тал цөмийн зэвсэг туршсанаар Солонгосын хойгт хурцадмал байдал үүсээд байгаа юм. АНУ, БНСУ-ын удирдагчид олон улсын холбоотнуудаас дэмжлэг хүсч БНАСАУ-д хариуцлага тооцох зорилготой байгаа бол БНХАУ-ын тал хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ нар олон улсын эрх баригчидтай зөвшилцөж НҮБ-ын хэмжээнд шинэ хориг тавих шаардлагатай гэж үзсэн байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри "БНХАУ БНАСАУ-д эдийн засгийн дэмжлэг үзүүлж, хэлэлцээрийн ширээний ард татан суулгах аргачлал үр дүнгээ өгөхгүй байна" гэж мэдэгдсэн юм. БНХАУ БНАСАУ-ын гадаад худалдааны 80 шахам хувийг бүрдүүлдэг байна. Мөн импортын эрчим хүчний дийлэнхийг нийлүүлдэг. БНАСАУ-ын төв мэдээллийн агентлагийн мэдээлснээр тус улсын удирдагч Ким Чен Ун устөрөгчийн амжилттай туршилтыг сайшааж баяр хүргэсэн байна. Ким Чен Ун энэхүү туршилт нь аюулгүй байдлыг хамгаалах зорилготой, шүүмжилж боломгүй шударга үйлдэл гэжээ.
Б.Дашням
Холбоо барих: dashnyam.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com