АНУ-ын засгийн газраас 850 сая ам.долларын ипотекоор баталгаажсан үнэт цаасны луйвартай холбоотой
хоёр заргыг “Bank of America”-ийн эсрэг үүсгэжээ. Тодруулбал, АНУ-ын Хууль зүйн яам болон Үнэт цаасны хорооноос дээрх заргыг үүсгэсэн бөгөөд Хойд Каролина мужийн шүүхэд заргаа мэдүүлсэн байна. Үүнтэй холбогдуулж тус улсын Хууль зүйн сайд Эрик Холдерийн зүгээс хөрөнгө оруулагчдыг хохироосон компанийн эсрэг хуулийн арга хэмжээ авах ёстой гэж мэдэгджээ. Харин “Bank of America”-ийн зүгээс ямар нэг хууль бус үйл ажиллагаа явуулаагүй, үнэт цаасыг туршлагатай хөрөнгө оруулагчдад зарсан гэж мэдэгдсэн байна. АНУ-ын Хууль зүйн яамны үзэж байгаагаар тус банк ипотекоор баталгаажсан үнэт цаасны чанар, эрсдлийн талаар хөрөнгө оруулагчдад зориуд ташаа мэдээлэл өгсөн байна. Ойролцоогоор 850 сая ам.долларын үнэлгээтэй тус үнэт цаасыг 2008 оны нэгдүгээр сард гаргасан ч хямралын үеэр үнэлгээ нь огцом буурснаас хөрөнгө оруулагчид 100 сая гаруй ам.долларын алдагдал хүлээсэн гэж зарга мэдүүлсэн тал үзэж байгаа ажээ.
Э.Анхбаяр
Холбоо барих: Ankhbayar.e@bloombergtvmongolia.com
Munkhjin.ts@bloombergtvmongolia.com