АНУ-ын ДНБ 2020 онд жилийн дүнгээр 3.5 хувиар агшаад байна
Дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 оны IV улиралд дөрвөн хувиар өссөн гэж тус улсын Худалдааны яам мэдээллээ. “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан эдийн засагчид 4.2 хувиар өссөн гэж тооцоолоод байсан юм.
IV улиралд АНУ-ын эдийн засгийн өсөлт шинжээчдийн тооцооллоос доогуур гарсан нь цар тахлын улмаас ажилгүйдэл өсөж, хэрэглэгчдийн худалдан авах чадвар буурсантай холбоотой гэж тайлбарлаж байна. Түүнчлэн ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо өнгөрсөн долоо хоногт 847 мянган хүрчээ. Энэ нь цар тахлын өмнөх үеийн дүнгээс дөрөв дахин их байгаа юм.
2020 оныг бүхэлд нь авч үзвэл АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн цар тахлын өмнөх үеэс 3.5 хувиар агшсан байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард тус улс 900 тэрбум ам.долларын эдийн засгийг дэмжих нэмэлт төсөв баталсан юм. Үүнтэй холбоотойгоор иргэдийн худалдан авах чадвар сайжирч, эдийн засгийн байдал дээрдэнэ гэж шинжээчид үзэж байна.
Б.Батцэцэг
Холбоо барих: battsetseg.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com