АНУ Сирийн иргэний дайнд хөндлөнгөөс оролцож магадгүй байна
Сири улсад босогчдын эсрэг химийн зэвсэг ашигласныг нотлох баримт олдсон гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хэйгел мэдэгдлээ. Тагнуулын албаны мэдээллээс үзэхэд зэвсэгт мөргөлдөөний үеэр Сирийн Засгийн газрын цэргүүд үй олноор устгах "зарин" хэмээх химийн бодисыг тодорхой хэмжээгээр ашигласан нь тогтоогдсон байна. Гэхдээ Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын арми энэхүү хорт бодисыг хэзээ хаана ашигласан нь тодорхойгүй байгаа аж. Тус улсын Конгресс дахь Бүгд найрамдах намын гишүүд энэ талаар тодорхой хариу арга хэмжээ авахыг уриалжээ. Үүнээс гадна ОХУ-ын зүгээс химийн зэвсэг ашигласан талаарх мэдээллийг нарийвчлан судалж, энэ асуудалд болгоомжтой хандахыг уриалахын сацуу асуудлыг улс төржүүлэхээр чармайж байгаад барууны орнуудыг буруутгасан байна.
Химийн зэвсэг ашигласан асуудалд АНУ-ын тагнуулын албаныхан өөр өөр байр сууринаас хандаж байгаа ч химийн зэвсэг ашигласан нь тогтоогдвол Сирийн иргэний дайнд хөндлөнгөөс оролцох асуудлыг хөндөнө гэж Цагаан Ордоны зүгээс анхааруулсан байна. Үүнээс гадна Цагаан Ордоноос хууль тогтоогчдод илгээсэн захидалд зөвхөн тагнуулын мэдээллийг үндэслэл болгох нь хангалтгүй учир бусад бодитой мэдээллүүд дээр үндэслэж шийдвэр гаргах болно гэдгийг онцолжээ. Зарим ажиглагчдын хувьд Сири улсыг их хэмжээний химийн зэвсэгтэй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм. Тухайлбал, Сирийн арми хүний мэдрэлд нөлөөлдөг "зарин"-ыг босогчдын эсрэг удаа дараа ашигласан гэж Израйлийн армийн бригадийн генерал Итай Брун мэдэгдээд байгаа бөгөөд амнаас нь хөөс сахарсан хохирогчдын зургийг олон нийтэд дэлгэн үзүүлжээ. Гэвч одоогоор босогчдын эсрэг химийн зэвсэг ашигласан нь албан ёсоор тогтоогдоогүй байгаа ба НҮБ-ын шинжээчдийн баг энэ талаар мөрдлөг шалгалт явуулахаар Сирид нэвтрэх төлөвлөгөөтэй байгаа аж. НҮБ-аас мэдээлснээр хоёр жил гаруйн өмнө Сирийн иргэний дайн дэгдсэнээс хойш 70 мянга гаруй хүн амь үрэгдээд байгаа юм байна.