АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргасан иргэдийн тоо буурсан байна
АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргасан иргэдийн тоо бараг сүүлийн хоёр сарын хамгийн доод хэмжээндээ хүрч буурсан байна. Энэ нь тус улсын хөдөлмөрийн зах зээл сэргэж байгааг илтгэсэн үзүүлэлтүүдийн нэг боллоо. Хөдөлмөрийн Яамнаас мэдээлснээр 11 дүгээр сарын 16-наар дуусгавар болсон долоо хоногийн хугацаанд ажилгүйдлийн тэтгэмж авахаар бүртгүүлсэн иргэдийн тоо 21 мянгаар буурч 323 мянга болжээ. Харин үүнээс өмнө тэтгэмж хүсэгчдийн тоо 344 мянга байсан юм. 11 дүгээр сарын 9-нөөр эцэслэсэн долоо хоногийн хугацаанд АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа иргэдийн тоо 66 мянгаар өсч 2.88 саяд хүрчээ. Үүнээс гадна өнгөрсөн аравдугаар сард АНУ-д бараа бүтээгдэхүүний бөөний үнэ хоёр дахь сардаа дараалан буурсан байна. Энэ нь инфляци доогуур байгааг илтгэсэн үзүүлэлтүүдийн нэг боллоо. Тухайлбал үйлдвэрлэлийн үнийн индекс аравдугаар сард 0.1, 11-р сард 0.2 хувиар тус тус буурчээ. Шинжээчдийн онцолж байгаагаар инфляци Холбооны Нөөцийн Банкнаас тогтоосон зорилтот хэмжээ болох хоёр хувиас доогуур байгаа юм. Инфляци урт хугацаанд хэт доогуур байх нь эдийн засагт сөрөг нөлөөтэй гэж Төв Банкны удирдлагууд үзэж байна.
Э.Анхбаяр
Холбоо барих: ankhbayar.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com