Английн хөлбөмбөгийн клубууд солилцоо, наймаанд хамгийн их хөрөнгө зарцуулжээ
Олон улсын хөлбөмбөгийн солилцоо, наймааны зах зээл 2012 онд 10 хувиар агшиж, 2.53 тэрбум ам.доллар болсон гэж "FIFA"-аас мэдээллээ.
Цюрихт төвтэй олон улсын Хөлбөмбөгийн Холбооны солилцоо, наймааг зохицуулах системд өнгөрсөн онд нийт 11 мянга 552 солилцоо бүртгэгдсэн нь өмнөх оноос нэг хувиар буурсан байна. Гэхдээ нэг улсын клуб хоорондын тоглогч солилцоо энэ системд бүртгэгддэггүй аж. Өнгөрсөн 2012 оны байдлаар Английн клубууд солилцоо, наймаанд хамгийн их хөрөнгө зарцуулсан бол Бразилийн клубууд хамгийн их ашиг олсон байна. Английн клубуудын хувьд 2012 онд нийт 314 сая ам.долларыг тоглогч худалдан авахад зарцуулжээ. Харин ОХУ-ын хөлбөмбөгийн клубууд 256 сая ам.доллар зарцуулж Английн ард бичигдсэн байна. "FIFA"-ийн зүгээс олон улсын хөлбөмбөгийн солилцоо, наймааны зах зээл яагаад агшсан талаар тайландаа тодорхой тусгаагүй ч шинжээчдийн зүгээс хамгийн их хөрөнгө зарцуулдаг Европын клубуудын үйл ажиллагаатай холбоотой гэж таамаглаж байгаа аж.