Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
Нэгдсэн үндэстний байгууллагуудаас 2021 оныг хүртэлх хугацаанд амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хоёр дахь хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ дагуу халдварт бус өвчний хөрөнгө оруулалтын хэрэгцээний үнэлгээг хийх зэрэг ажлыг хийхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг Нэгдсэн үндэстний байгууллагуудын хамтарсан баг Монгол Улсад айлчилж байгаа юм. Айлчлалынхаа хүрээнд хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзаж, тэдний нийгмийн эрүүл мэндийн төлөө хэрэгжүүлж байгаа ажлуудтай танилцлаа. Тухайлбал нийслэлийн хүн амын 60 хувийг талхаар хангадаг "Талх чихэр" компани 10 нэр төрлийн талхныхаа давсны хэмжээг бууруулснаар жилд 22 тонн давс хэмнэж чадсан байна. Мөн "Сүү" компани тараган дахь сахарын хэмжээгээ ч бууруулсан ажээ. Бизнесийн байгууллагууд бүх нийтийн эрүүл мэндийн төлөө дээрх ажлуудыг хийж байгаа бол эрүүл мэндийн байгууллагууд компаниудтай хамтарсан үзлэг оношилгоо явуулж байна. Тухайн байгууллагын гол нөөц болсон ажилчид ажлын цагаас хамаарч, эрүүл мэндийн үзлэг оношилгоо, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж чаддаггүй. Харин энэ асуудлыг эрүүл мэндийн байгууллага, компани хоорондын хамтын ажиллагааны хүрээнд шийдснээр компанийн ажилчдын өвчлөл харьцангуй буурдаг болохыг эрүүл мэндийн байгууллагууд онцолж байна.
Э.Нарантунгалаг
Холбоо барих: narantungalag.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com