Амгалан Дулааны станц Дулааны IV цахилгаан станцын охин компани хэлбэрээр ажиллана
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлууд хийгдэж, Улаанбаатар хотын зарим хэсэгт дулааны төв шугам халаалтаа түгээж эхлээд байгаа талаар Эрчим хүчний яамнаас мэдээллээ. Жил бүр 200-250 барилга дулаанд холбогддог жишгээр 2015 онд ч мөн адил 200 барилга шинээр халаалт авч байгаа юм байна. Өвлийн ид ачааллаас өмнө ашиглалтад орохоор хүлээгдэж буй Амгалан Дулааны станцыг Дулааны IV цахилгаан станцын охин компани хэлбэрээр ажиллуулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. 348 мегаваттын суурилагдсан хүчин чадалтай Амгалан Дулааны станцын барилга угсралтын ажил 97 хувьд хүрч туршилт, зүгшрүүлэлт хийхээр ажиллаж байгаа юм байна. Амгалан Дулааны станцыг бие даан ажиллуулахад үйлдвэрлэлийн өртөг зардлаа орлогоороо нөхөх боломжгүй, татаас авч ажиллахаар урьдчилсан тооцоо гарсан байна. Тиймээс үйлдвэрлэлийн хамгийн бага өртөгтэй Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн охин компани байхаар шийдвэрлэсэн байна. Мөн эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа хэд хэдэн шинэ эх үүсвэрийн төслийн явцыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Улаанбаатар “ДЦС-V” төслийн хэрэгжүүлэгч талууд концессын гэрээнд гарын үсэг зураад байгаа тул ирэх 12 дугаар сард багтаан санхүүгийн хаалт хийж, 2016 оны эхний улиралд барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр 2.5-3 жилийн дотор станцыг ашиглалтад оруулах боломжтой ажээ. Үүнээс гадна Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцыг 35 МВт-ын турбин генератороор өргөтгөх төслийн сонгон шалгаруулалтад оролцохоор гадаад, дотоодын 15 компани тендерийн баримт бичиг авсан боловч дөрвөн компани саналаа ирүүлсэн байна. “ДЦС-III” ТӨХК-ийг 250 МВт-аар өргөтгөх төслийн хүрээнд суурилагдсан хүчин чадлыг 50МВт-аар өргөтгөснөөр Төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадал 50МВт-аар, Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн хүчин чадал 100Гкал/ц-аар нэмэгджээ. Хоёрдугаар шатны шинэчлэлээр дунд даралтын хэсгийг буулгаж, 2х125 МВт-ын хүчин чадалтай орчин үеийн өндөр үр ашигтай Дулааны станцыг 2016-2017 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
З.Энхболор
Холбоо барих: enkhbolor.z@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com