Алтны 2.5 хувийн роялтиг 5 жилээр сунгах эсэхийг УИХ хэлэлцэнэ
Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганы нэгдсэн хуралдаанаар пүрэв гарагт хэлэлцэх эсэхийг шийдэх товтой байна. Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд алтны нөөц ашигласны төлбөр 2.5 хувийг цааш нь таван жилээр сунгах заалт тусгагдсан байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Монголбанк 2019 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлдээ гадаад валютын албан нөөцийг хүрэлцээтэй хэмжээнд хүргэх бодлого баримтлахаар тусгаад байна. Энэ хүрээнд алт худалдан авалтаар гадаад валютын албан нөөцийн 750 орчим сая ам.долларыг энэ онд бүрдүүлээд байгаа юм. Олон Улсын Валютын Сангийн дүгнэснээр Монгол Улсын гадаад валютын албан нөөцийн хэмжээ хангалттай түвшинд хүрээгүй байгаа бөгөөд энэ утгаараа Монголбанк цаашид гадаад валютын албан нөөцийг багадаа 6.5 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавиад байна.
12 дугаар сарын тавны өдрийн байдлаар Монголбанк 19.8 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 3.2 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Мөн аравдугаар сарын 15, 18-нд орон нутагт байгуулсан алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн төв байгуулснаар Дархан-Уул аймагт 107 кг, Баянхонгор аймагт 46 кг алт тус тус худалдан авчээ.
Цаашид алт худалдан авалтыг тогтвортой өндөр түвшинд байлгахад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2.5 хувийн хөнгөлөлтийг үргэлжлүүлэх шаардлагатай гэж Монголбанк үзэж байна. Татварын хөнгөлөлт хэрэгжиж эхэлсэн сүүлийн таван жил Монголбанкны худалдаж авсан алтны хэмжээ өссөөр 2017 онд 20 тонн буюу түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Энэ онд 22 тонн хүргэх зорилт тавиад байгаа гэж Монголбанк онцолж байсан юм.
Б.Бямбасүрэн
Холбоо барих: byambasuren.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com