Аж үйлдвэрийн яам Орхон, Дархан-Уул аймгийн Үйлдвэр, технологийн парктай хамтран ажиллана
Аж үйлдвэрийн яам Орхон, Дархан-Уул аймгийн Үйлдвэр, технологийн парктай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Нэг жилийн хугацаатай байгуулсан энэхүү гэрээг үр дүнгээс нь хамаарч сунгах боломжтой гэж Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат мэдээлсэн юм. Гэрээний дагуу Орхон, Дархан-Уул аймгийн Үйлдвэр, технологийн парк үйл ажиллагаа явуулах эрхтэй 20 гаруй компани үл хөдлөх, газар, түрээс зэрэг төрлийн төрлийн татварын хөнгөлөлт эдлэхээр болсон байна. Дархан-Уул аймгийн 2000 орчим га талбайг хамрах Үйлдвэр, технологийн паркийн бүсэд “Дархан Нэхий", “Дархан минж", “Силикат", “Нако Түлш", “Алтан тос" зэрэг 11 компани үйл ажиллагаа явуулж хагас тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэхээр болсон гэж тус паркийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Г.Ганбат мэдээллээ. Монгол Улсад одоогоор Дархан-Уул, Орхон, Сайншанд зэрэг 10 байршилд Үйлдвэр, технологийн парк байгуулах тухай асуудал яригдаж байгаа юм. Харин эдгээрээс хамгийн бага хөрөнгө оруулалттай төсөл нь Дархан-Уул аймгийнх болохыг тус паркаас мэдээллээ. Урьдчилсан ТЭЗҮ-ээр “Дарханы үйлдвэр технологийн парк" байгуулахад 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа аж. Харин Орхон аймгийн хувьд Үйлдвэр, технологийн парк байгуулах ажилд 42 сая ам.доллар шаардлагатай байсан нь одоогоор 100 гаруй тэрбум төгрөгөөр хэмжигдэхээр болжээ. Учир нь одоогоор 70 гаруй компани Орхон аймгийн Үйлдвэр, технологийн паркт хамрагдахаар болоод байгаа юм.
Э.Нарантунгалаг
Холбоо барих: narantungalag.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com