Австрали улс гахайн мах тээвэрлэж явсан зорчигчийг хил нэвтрүүлэлгүй буцаав
Хилээр нэвтрүүлэхийг хориглосон хүнсний бүтээгдэхүүн хууль бусаар тээвэрлэсэн, ялангуяа тээшиндээ 4.6 кг боловсруулаагүй гахайн мах, өндөг, жимс, саримс, далайн гаралтай бүтээгдэхүүн зэргийг авч явсан зорчигчийг Австралийн албаныхан саатуулж хил нэвтрүүлэлгүй буцаасан байна.
45 настай вьетнам эмэгтэйг гурван жилийн хугацаанд Австралийн хилээр нэвтрэхийг хоригложээ. Энэ нь гахайн махаар дамжин гахайн мялзан өвчин Австралийн газар нутагт тархахаас сэргийлж байгаа арга хэмжээ юм байна. Энэ явдлын дараа Австралийн Хөдөө аж ахуйн сайд Бриджет Мкензи мэдэгдэл хийж “Гахайн мялзан гарсан орнуудаас ирж байгаа зорчигчдыг хянаж байгаа” гэж онцоллоо.
Гахайн мялзан Ази, Европын 50 орчим улсад бүртгэгдээд байгаа юм. БНХАУ-д л гэхэд өвчний улмаас гахайн тоо толгой 30 гаруй хувиар буурч, 200 сая болжээ. Гахайн махны үнэ тус улсад нэг жилийн хугацаанд 70 орчим хувиар өсөөд байгаа юм. Хамгийн сүүлд БНСУ, Зүүн Тимор зэрэг улсад гахайн мялзан тархаад байна.
М.Золбоо| @Manlaizolboo
Холбоо барих: zolboo.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com